Ордны үдэшлэгт шөнөжин бүжиглэсэн бүсгүй үүрээр нас нөгчсөн түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн “Фантомууд” найраглал, хуримлаж амжаагүй өөд болсон охидын сүнсний тухай эртний Германы домгоос сэдэвлэн Хенрик Хайнегийн бичсэн “Эгэл сүнснүүд” зохиолыг ашиглаж Францын урлаг судлаач Теофиль Гаутье “Жизель” балетын цомнолыг бичсэн гэдэг. Хайртай залуу нь өөр хүнтэй сүй тавьсныг мэдээд зүрх нь зогссон охины гунигт түүхийг өгүүлэх эл балет уран бүтээлчээс сэтгэл хөдлөл, жүжиглэлт их шаарддаг. Парисын “Рояал хөгжмийн академийн балетын театр”-т дэглэн1841 оны зургадугаар сарын 28-нд уг балетыг анх тоглосон бол 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд ЗХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, балетмейстр Ф.Г.Кайданы найруулснаар Монголд тавьсан. ДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Ганцоож уг ягаан байшинд ажилласан 10 дахь жилийн ойдоо зориулан уг хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгийг тайлан тоглолтоороо сонгожээ. Шинэчилсэн найруулгаар маргааш тоглох балетын зарим хувцас хэрэглэлийг сольсон юм байна. “Английн үндэсний балет” компанийн балетын мэргэжлийн сургуульд О.Ганцоожийн доод ангид сурч байсан Лорета Самерскэйлс түүнтэй хамтрах юм. “Манай сургуулийн шилдэг оюутнуудыг нэгтгэж тайлан тоглолт хийдэг байсан. Тэр үед Лорета миний хамгийн анхны хамтрагч болж байлаа” хэмээн О.Ганцоож хэлсэн.
Гурван настайгаасаа бүжиглэж, тавтайгаасаа балетаар хичээллэсэн Лорета Английн үндэсний балет компанид 2013 оноос гоцлоочоор ажиллаж буй. Тэрбээр Бээжингийн олон улсын балетын тэмцээнээс алт, Өсөж буй бүжигчин тэмцээний “Үзэгчдийн сонголт” , Жойс Перс, Стелла Манн, Байнес Хэвит, Молли Лэйк нарын нэрэмжит шагналыг тус тус хүртэж байжээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Монголоос урилга ирүүлэхэд эхэндээ учрыг нь олоогүй. Тэгтэл Ганцоож “Жизель”-ийг юуны төлөө яагаад тоглохоор болсон бэ гэдгийг тайлбарлаж залгасны дараа баярлаж, энэ боломжийг алдахгүй юмсан гэж бодсон. Гэхдээ найруулагч чөлөө өгөх болов уу гэдэгт их санаа зовж байлаа. Хятадад сарын турш тоглолттой байхад найруулагч зөвшөөрснийг дуулаад баярлаж, болдогсон бол шууд Монголд очоод бэлтгэлээ эхэлмээр байсан ч удаан хугацааны аяллын дараа харих хэрэгтэй байсан. Монголд өмнө нь ирж байгаагүй болохоор намайг хэрхэн хүлээж авах бол гэдэгт санаа зовнисон. Тэгтэл бүжгийн танхимд ороход бүгдээрээ англиар ярьдаггүй ч өөрсдийгөө танилцуулж, сайн явж ирсэн үү гэж санаа тавьсан нь элгэмсэг, дотно санагдсан. Би Сингапур, Америк, Куба, Испани зэрэг тоглож байсан улсуудын иргэдтэй монголчуудыг харьцуулбал илүү нөхөрсөг юм.
-“Жизель”-д хэд дэх удаагаа тоглох гэж байна вэ?
-Намайг “Английн үндэсний балет” компанид гоцлоочоор ажилласан таван жилийн хугацаанд “Жизель”-ийг нэг л удаа тоглосон.Тэр үед би дөнгөж ажилд орсон, туршлагагүй байсан тул Жизелийн дүрд сонгогдож чадаагүй. Удахгүй энэ балетыг манай компани тоглоно гэсэн. Тэр үед гол дүрд сонгогдохыг хичээнэ. Жизельд тоглох урилга аваад надад их хариуцлага ногдож байна гэж их айсан. Гэхдээ байгаа чадлаараа хичээнэ.
-Монгол “Жизель”-д судалгаа хэр их хийсэн бэ?
-Жизель олон хувилбартай. Англид байхад О.Ганцоож над руу монголчуудын тоглосон хувилбарын бичлэгийг явуулах гэтэл байдаггүй, Оросынхыг илгээсэн. Монголын найруулга энд,тэднээс хольсон юм билээ.
-Монголд ирсэн гаднынхан танай уран бүтээлчид мундаг юм гэдэг ч үнэн сэтгэлээсээ хэлсэн, эсэх нь эргэлзээтэй. Та манай балетчдын ур чадварын тухайд бодлоо хуваалцана уу?
-Бүх л улсад сайн, муу, бүр балетчин болох нь эргэлзээтэй бүжигчид байдаг тул энэ тухай би хэлэх боломжгүй. 75 жилийн настай ДБЭТ-ын барилга хуучирчээ, шинэчлэх цаг нь болсон юм шиг санагдсан. Мөн бэлтгэлийн ганцхан танхимтай юм билээ. Уг нь олон танхимтай байвал бүжигчдэд бэлтгэл хийхэд таатай.