Өглөө, оройдоо том том модон авдар чирсэн хүмүүс, аагим халуун, тэсгим хүйтэнд ч ялгаагүй жижиг лангууныхаа ард хүний нүд хариулан байж хооллох худалдаачид, “Чанасан өндөг, ундаа, зайрмаг байна” гэж үйлчлүүлэгчдийн дундуур сүлжилдэх настангууд, “Даавуун тор авах уу” гэж орж, гарах болгоныг царайчлан зогсох хүүхдүүд... Улаанбаатарын зүүн урд хэсэгт орших “Нарантуул” хэмээх худалдааны төвийн өдөр тутмын дүр төрх ийм бөлгөө. Үргэлж олны хөлд дарагдаж, ёстой л түм түчигнэж, бум бужигнаж байдаг газар бол чухамхүү энэ. Тэндхийн хог хаягдлыг өдөр бүр хогны машинаар 40 удаа зөөдөг гэхээр ямархан хэмжээтэй үйл ажиллагаа явагддаг нь илт биз ээ.
Иргэдийн ярьж заншсанаар “Нарантуул”зах боловсон хэллэгээр бол худалдааны төвийн эргэн тойронд гэхэд л 70 орчим үйлчилгээний байгууллага бий гэсэн албан мэдээ байна. Тэгвэл ийм том газар “Улаан гэр” галерейд “нүүгээд” ирж.
Монголчуудын зорин очдог чухал газрын нэг болоод 16 жилийн нүүр үзэж буй энэ том төвийн үйл ажиллагаа, тэнд өрнөдөг амьдрал, худалдаачдын төрх гээд бүхэл бүтэн нэгэн ертөнцийг харуулсан гэрэл зургуудыг тус галерейд дэлгэсэн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Гэрэл зурагчин Б.Рэнцэндорж 2010-2013 онд тус төвийн байнгын “оршин суугч” болж, амьдрал буцалсан цэгийг харуулсан хэдэн сая зураг авснаа хүмүүст хүргэж буй нь энэ юм. Тэрбээр анх сонирхолдоо хөтлөгдөн тэндхийн зургийг авч эхэлснээ эцэст нь зорилго болгон төсөл болгон хэрэгжүүлсэн ажил нь энэ юм билээ. Ийм нэгэн үзэсгэлэн энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн төвд “нүүж” ирсэн “Нарантуул”-аар ороод гараарай. Улаанбаатар хэмээх том айлын олон хүүхдийн амьдралыг тэндээс харах болно.