“Монголын балетын хөгжил сан” 2011 онд Монгол Улсад анх удаа олон улсын балетын наадам “Night of ballet-2011”-ийг зохион байгуулсан. Энэ наадмын гала тоглолтын үеэр “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар хунгийн дүрээрээ Монголын үзэгчдийг байлдан дагуулж, сэтгэлд хоногшсон залуу бүжигчин Уитни Женсен энэ сарын 18-19-нд болох “Welcome to Mongolia” тоглолтонд урилгаар оролцох гэж байна. Уитни Женсен АНУ-ын “Бостон” балет компанийн гоцлол бүжигчин, АНУ-ын иргэн бөгөөд Солт Лэйк хотоос балетын хичээлээ эхэлж, Нью- Йорк хотын Валентина Козловагийн бүжгийн консерваторид Козловатай хамтран хичээллэж, балетын урлагт хөл тавьжээ. Тэрбээр “Бостон” балет компанид 2009 онд бүжигчнээр, 2010 оноос гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа ба “Залуу америкчуудын Гран при” тэмцээнд мөнгөн медаль, “Америкийн итгэл найдвар” тэмцээний тусгай байр, АНУ-ын балетын тэмцээн, Нью Жерсигийн Залуучуудын бүжгийн наадам, Дэлхийн балетын тэмцээн зэрэг томоохон тэмцээнүүдээс долоон алт, нэг мөнгөн медаль, “Нью-Йорк Таймс” сонины “Шилдэг” өргөмжлөл, 2008 онд Варнагийн олон улсын балетын 23 дугаар тэмцээний бүх дээд шагналууд, Варнагийн тэмцээний 44 жилийн түүхэнд дөрөвхөн удаа олгож байсан “Хамгийн шилдэг бүжигчин”- ий медаль, диплом, олон улсын балетын шагналуудыг тус тус хүртсэн бөгөөд түүнийг чадварлаг хэмээн үнэлж, олон арван сонгодог бүжиг, тоглолтуудад урьж оролцуулсаар байна.
Уитни Женсенг өмнө нь Монголд тоглоход урд хөршөөс түүний тоглолтыг үзэхээр фенүүд нь хүрэлцэн ирж байсан удаатай. Энэ удаагийн тоглолтыг нь хаа холын АНУ-д биш ойр тоглогдож байгаа учир Япон, БНХАУ-аас үзэгчид зорьж ирэх сурагтай. Уитни ч Монголд ирэх хүсэлтэй байгаа бөгөөд Монгол орон, Монголын үзэгчид ихэд таалагдсан тухайгаа онцлон ярьжээ.