Цэцэрлэгт хот хэмээн алдаршсан БНХАУ-ын У хан хотын соёлын өдөрлөгийг энэ долоо хоногт Хятадын соёлын төвд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд “Сонирхол татам У хан хот” гэрэл зургийн үзэсгэлэн олны хүртээл болж байгаа юм. Үзэсгэлэнд мэргэжлийн гэрэл зурагчдын болон сонирхогчдын 58 бүтээлийг дэлгэсэн аж.
Хятад улсын соёл, түүхийн гэрч болсон У хан хот нь гурван улсын буурь, эртний түүх дурсгалын газар, байгалийн үзэсгэлэнт тогтоцоороо алдартай гэнэ. “У ханы тулалдаан”, “Наймдугаар сарын 7-ны хуралдаан” зэрэг Хятадын томоохон түүхт үйл явдал энэ газарт болж байсан бөгөөд улсынхаа түүхийг өөрчилж байсан түүхтэй аж.
10 сая иргэнтэй, түүний нэг сая нэг зуун мянга нь залуус байдаг “Мөнхийн залуу” тодотголтой энэ хотын байгалийн үзэмж болон онцлогийг харуулсан гэрэл зургуудыг дэлгэсэн энэ үзэсгэлэн өнөөдөр дуусах юм байна.
Мөн хөтөлбөрийн хүрээнд У хан хотыг төлөөлөн ирсэн архивийн газрын дарга Жан Сүн тэргүүтэй зургаан хүн илтгэл тавих юм. Илтгэл “Хятадын орчин үеийн эмэгтэйчүүд болон залуусын онцлог”, “Хятадын уран бичлэгийг шинжих нь” зэрэг сэдвийн хүрээнд явагдах аж.
Х.АЗЖАРГАЛ