Улсын филармонийн гоцлол дуучин С.Баттулгын дуулснаар алдаршсан олон сайхан дууг Монголын үзэгчид мэддэг билээ. Тэрбээр бие даан уран бүтээл хийхийн зэрэгцээ “Voice” хамтлагт дуулж, нөхдөө ахлан амжилттай ажиллаж байгаа. 2006-2014 онд есөн удаа бие даасан болон хамтарсан тоглолт хийж, хэд хэдэн цомог гаргаад амжсан түүний уран бүтээл үргэлж цалгиж байдаг гэж хэлж болно.
Мэргэжлийн дуучдад зориулан Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын туурвисан олон ари, романс дууг тэрбээр дуулсан. Тэгвэл энэ удаа тэрбээр “Миний эх орон” цуврал тоглолтынхоо хүрээнд Монголын төрийн жолоог 40 жил атгаж, эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Ю.Цэдэнбал агсанд хүндэтгэл үзүүлэн тоглолт хийхээр болжээ. Энэ сарын 25-нд Улсын филармонид болох түүний тоглолт 200 үзэгчид л зориулагджээ. Түүнтэй өчигдөр 15.10 цагт утсаар холбогдож, мэдээлэл авлаа.
-Сайн байна уу. “Өнөөдөр” сонины “Утасны анд” байна. Уран бүтээлийн олз омог арвин уу?
-Сайн байна уу. Баярлалаа. Арвин байна аа.
-Энэ сарын 25-нд “Миний эх орон” тоглолт хийх болжээ. Өнгөрсөн жил Морин хуурын чуулгынхантай хамт ийм нэртэй тоглолт хийснийг санаж байна. Энэ жилийн тоглолт ямар онцлогтой вэ?
-Энэ удаа Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй дуулна. “Миний эх орон” нэрийн дор цуврал тоглолт хийж, уран бүтээлээрээ дамжуулан эх оронч үзлийг төлөвшүүлэх хүсэл, зорилготой явж байна.
-Ю.Цэдэнбал агсанд тоглолтоороо хүндэтгэл үзүүлнэ гэлээ. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Монголын төрийг 40 жил барьж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн төрийн жинхэнэ түшээ бол Юмжаагийн Цэдэнбал агсан. Энэ хүний амьдралын замнал, хүний нутагт, бусдын эрхэнд өнгөрүүлсэн сүүлчийн өдрүүдийнх нь тухай уншиж, бусдаас дуулаад маш их хүндлэл төрөхийн зэрэгцээ харуусан суудаг юм. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулан энэ агуу хүнийг эргэн дурсахыг хүслээ. Монголын нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй, ард түмнийх нь төрдөө үзүүлэх итгэл буурч байгаа энэ үед төрийн жинхэнэ түшээг дурсах нь зүйтэй гэж бодсон. Гурван жилийн өмнө түүний дурсгалд зориулсан хөшөө босгохоор хандив цуглуулж байхад би тэр үйлсэд уран бүтээлээрээ нэгдэж байсан юм. Тухайн үед тэмдэглэлийн дэвтэртээ “Эх орон, ард түмнийхээ төлөө эгнэшгүй гавьяа байгуулсан их хүмүүнийг өнөөгийн бид мартахгүй” гэж бичсэн байснаа энэ тоглолтынхоо сурталчилгааны үг болгон ашиглаж байгаа.
-Тэгэхээр тоглолтод түүний тухай уран бүтээл багтсан уу?
-Тоглолт хоёр хэсэгтэй. Эхний хэсэг Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Төрийн шагналт Б.Шарав нарын хөгжмийн зохиолчдын монгол романсыг дуулна. Дараагийн хэсэгт нь мэргэжлийн дуучдад зориулсан уран бүтээлийг багтаасан байгаа. Тэр дунд Р.Чойномын шүлэг “Шувтарсан цагаан бумба” романс, “Жаргаана гэж зорьсон доо” гэж дуу бий.
-Өнгөрсөн жилийн тоглолтын өмнө таны хоолой өвдөж, маш хүнд байдалтай байсан гэсэн. Гэхдээ үзэгчдээ гонсойлголгүй маш сайхан дуулсан. Энэ жилийн “Миний эх орон” тоглолтын бэлтгэл хэр сайн байгаа вэ?
-Тийм ээ. Энэ жил сайн бэлдэж байгаа.
-“Voice” хамтлагийн нэг гишүүн, тодруулбал А.Эрдэнэжаргалын оронд өөр дуучин дуулж байсан. Бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан юм уу?
-Үгүй ээ, нэг гишүүн маань түр хугацаагаар гадагшаа яваад ирсэн юм. Ямар ч өөрчлөлт ороогүй. Симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр, соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш нар удирдан тоглуулж, төгөлдөр хуурч Э.Отгончимэг, Н.Гарьд нар түүний дуулах романсын аялгууг тоглоно. Мөн энэ тоглолтод Улсын филармонийн хийлч Д.Азбилэг, ДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранчимэг нар урилгаар оролцох аж.
Ж.СОЛОНГО