Олон өнгийн тень буюу зовхины будагны багцад тод шар, номин цэнхэр гээд л бидний хэзээ ч өдөр тутамдаа хэрэглэхээргүй өнгөнүүд заавал багтсан байдаг. Харин эл мэдрэмжгүй байдлыг халж өдөр тутмын будалтад хамгийн их хэрэглэгдэхүйц өнгөнүүдийг нэг дор багтааснаараа “Urban Decay” компанийн “Naked” цуврал бүтээгдэхүүн гоо сайхны бүтээгдэхүүн тэр дундаа зовхины будагны ертөнцөд хувьсал хийсэн.
Эрэлттэй энэ бүтээгдэхүүн хамгийн сүүлд “Naked 3”-аа гаргаад буй ч дууриамал “Naked”-ийн цуврал бүр найм хүрээд буй. Харин гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Urban decay” өнгөрөгч долоо хоногт алдарт цувралынхаа шинэ бүтээгдэхүүн “Naked Smoky”-г хэрэглэгчдэд танилцууллаа. Шинэ бүтээгдэхүүн долдугаар сарын 8-нд www.UrbanDecay.com цахим хуудсаар дамжуулан борлуулж эхэлнэ. Харин дэлгүүрүүдээр долдугаар сарын дундуур худалдаж эхлэх юм.
Дашрамд сонирхуулахад, 12 өнгийн тень бүхий багцын бас нэгэн давуу тал нь зовхийг сүүдэрлүүлэн будах талаар мэдлэггүй хүн ч зааврын дагуу хялбархан будчихаж болохоор дөрвөн хуудас зөвлөгөөг хэрэглэгчдэд бүтээгдэхүүний хамт бэлэглэдэг аж.