Монголын үндэсний кино урлагийн академиас уламжлал болгон зохиодог “Академи авардс” энэ жил тав дахь удаагаа болж өнгөрлөө. 18 төрөлд уран сайхны 14, баримтат гурав, богино хэмжээний таван киноны уран бүтээлчид оролцсон юм. Шангрила зочид буудалд болсон эл арга хэмжээ энэ сарын 7-нд шилдгүүдээ шалгаруулсан. Шагналын салхийг шилдэг дебют киногоор “U-Films” студийн найруулагч, жүжигчин Г.Ундармаа хагалсан юм. Энэ жилийн “Академи авардс 2015”-д найруулагч Г.Эрдэнэбилэгийн (Эби) “Аав” кино одтой байлаа. Энэхүү бүтээл кино наадмын таван шагналыг хүртсэн. Шилдэг бүтээлийн гранпригаас гадна зохиолч М.Энхдалай, найруулагч Г.Эрдэнэбилэг, зураглаач О.Базаррагчаа, гол дүрийн жүжигчин Ц.Цэрэнболд нар тус тус шалгарсан юм.
Шилдэг киноны дууг Э.Агиймаа, хөгжмийг “Амьдрал нулимсанд дургүй” киногоор Б.Одбаяр, дууны найруулагчаар “Ар хударга”-ын Б.Баярхүү нар хүртсэн. Баримтат киног Г.Золжаргалын “Тавилан”, У.Пүрэвжавын “Уулын эзэн” богино хэмжээний уран бүтээл тус тус шилдгээр тодорсон юм. Эрэгтэй туслах дүрийг “Ээжээ надтай гэрлээч” киноны Д.Баттөмөр, эмэгтэйг “Хүдэн”-ий А.Цэгмэд нар хүртлээ. Харин эмэгтэй гол дүрийн шагналыг “Ар хударга” киноны Маралын дүрээр жүжигчин О.Долгор, шилдэг дүрсний эффектийг “Хүүхэлдэй”-н Ч.Түвшигтөгс, эвлүүлгийг “Учрал” киноны Д.Түвшинтөгс нар тус тус тодросон юм.
“Аав” киноны дүрээр эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн жүжигчин Ц.Цэрэнболд “Энэ дүр маань тийм их туйлд хүрсэн том дүр биш. Эгэл жирийн аавын дүр. Яг л та бидний аавуудтай адилхан. Энэ энгийн сайхан дүрээрээ шагнал авлаа. Хамтран ажилласан уран бүтээлчид маань ч бас шагнал авсанд их баяртай байна” гэв. Киноны зохиолч залуу уран бүтээлч М.Энхдалай “Үнэнийг хэлэхэд шагнал авчихаасай гэж бодож, горьдож байсан шүү. Энэ киног би өөрийн амьдралаас сэдэвлэн хийсэн. Амьдралтай илүү ойр учраас үзэгчдэд илүү таалагдсан байх. Юм гэдэг учиртай аж. Найруулагч Эби ах маань киноныхоо нээлтийг хийгээд маргааш нь анх удаа үрийн зулай үнэрлэн аав болсон шүү дээ” гэж ярьж байв.
Уг кино наадмын зохион байгуулагч Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн Б.Цогтбаяр “Энэ жил дэлхийн кино урлаг үүсч хөгжсөний 120, монголын 80 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн оны зургадугаар сараас энэ жилийн зургадугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд нээлтээ хийсэн уран бүтээлүүдээс шилдгийг нь тодруулсан. Манай шалгаруулалтад хэзээ ч гомдол ирж байгаагүй юм. Тиймээс хамгийн шударга явагддаг гэж хэлмээр байна. Дараа жилийн наадамд киноны хөгжимд илүү анхаарал хандуулахаар төлөвлөсөн. Учир нь жөгжмийн зохиолыг бэлэн аяар хйигээд байгаа юм. Энэ байдлыг өөрчлөхийн тулд ноттой нь хамт шүүгчдэд ирүүлж байх шаардлага тавих болно” гэв.