Ажлын өдрүүдэд нойроо харамлан хичээлээ тасалдаг хэмээн бидний шүүмжилдэг оюутнууд амралтын өдрийн өглөө эрт лекцэнд суух болов уу хэмээн гайхширсаар УДЭТ-ыг зорилоо. Бодсоноос байдал тэс өөр. Өглөө 08.00 цагт цуглах зар тараасны дагуу залуус хэдийнэ цагтаа ирчихсэн төрийн тусгай хамгаалалттай бүс Их тэнгэрийн ам руу хүргэх унаандаа суухаар дугаарлан зогсож байв. 10.00 цагт эхлэх арга хэмжээнд цагийн өмнө үзэгчид нь суудлаа эзэлжээ. Хүйтэн салхитай, үе үе бороо шивэрсэн жиндүү өдөр бүхэл өдрийн турш гадаа сууж илтгэл сонсох арга хэмжээний суудал дүүрсэн харагдсан.
Өнгөрөгч бямба гаригт зохиосон “Tedx Ulaanbaatar” арга хэмжээ залууст мэдлэг мэдээлэл, шинэ санаа өгөх энэ төрлийн арга хэмжээ дутагдаж байсныг илтгэнэ. Өнөө зугаа цэнгээнээс өөр зүйлийг мэддэггүй хэмээн гоочилдог залуус хүйтнийг үл ажран өдрийн турш өөр зүйлд сатааралгүй салбартаа тэргүүлж, амжилттай яваа манлайлагчдын илтгэлийг чих тавин сонссоныг энд онцлох нь зүйтэй. Нанотехнологийн нээлтээрээ зохиогчийн эрх эзэмшдэг физикч Н.Дорждэрэм, 2013 оны бакалаврын түвшинд дэлхийн шилдэг судлаач 25 оюутны нэгээр тодорсон Ч.Баярхүү, дэлхийн оюуны өмчийн алтан медальт дизайнер Д.Эрдэмбилэг гэх мэт дэлхийд чадвар, мэдлэгээ үнэлүүлсэн манлайлагч найман хүн илтгэгчээр оролцсон арга хэмжээ 16.00 цаг хүртэл үргэлжиллээ.
Сонирхолтой нь, өргөө рүүгээ орж явахад нь Ерөнхийлөгчтэй тааралдсан зохион байгуулагчид хүсэлт гаргаснаар төрийн тэргүүн маань тэнд цугласан мянга орчим залууст зөв бодол зөв үйлдэлд хөтөлдөг талаар илтгэл тавьсан юм. Шинэ зууны залуусыг өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, өөрсдийн төсөөлснөөс илүү амжилтад хүрэх арга, сонгодог урлагийг үзэх соёл, алга ташилтын талаар гээд олон сэдвээр, гэхдээ зөвхөн эерэг сэтгэлгээ, үйлдэлд уриалсан илтгэлүүдэд тулгуурласан арга хэмжээ шинэ зууны залууст соёлын үрийг тарьсан хэмээн дүгнэж болно. “Эерэг сэтгэлгээ” уриан дор болсон “Tedx Ulaanbaatar” бол энэ сарын эхний хагас дахь амралтын өдрүүдэд өрнөсөн “Tedx Ulaanbaatar salon”, “Tedx Women”, “Tedx Baga toiruu” зэрэг цувралуудын нэг юм.
О.УНДАРМАА