Контемпорари урлагийг Монголдоо дэлгэрүүлэхээр дуу хоолойгоо хүргэж яваа Ц.Цэндпүрэвтэй ярилцлаа. Их Британийн Лийдс Метрополитений их сургуульд Орчин үеийн урлагийн бүтээлийн магистр, докторын зэрэг хамгаалсан, “Ванжил” урлагийн төвийн захирал, куратор, СУИС-ийн багш тэрбээр энэ ярилцлага хэвлэгдэх үед Германд байх юм. Учир нь Германд дөрвөн сар үргэлжлэх “Норд арт” дүрслэх урлагийн наадамд Монголоос 40 уран бүтээлчийн 100 гаруй бүтээлийг онцолж байгаа. “Ванжил” төвтэй хамтран ажилладаг С.Доржжигжид, У.Нарбаясгалан, Д.Пүрэв нар энэ наадамд бүтээлээрээ оролцож байгаа бөгөөд Ц.Цэндпүрэв тэднийг төлөөлж буй аж.
-Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн анги төгссөн хүн хэзээнээс контемпорари сонирхох болсон бэ?
-Урлагийнхан дуу хоолойгоо олох, өөрийгөө илэрхийлэх арга замыг үргэлж хайдаг. Монгол зураг миний хувьд тэр зам биш байсан. Хэдийгээр монгол зургийн аргаар одоо зурдаггүй ч ямар ч байсан Монголынхоо урлагийг, түүхийг нь судалчихсан. 15 жилийн өмнө дуу хоолойгоо эрж явахдаа гэрэл зураг сонирхож, нэг хэсэг дагалдан зурагчнаар ажилласан минь 2004 оноос Англид сурахад суурь болсон. Урлагийнхан дотогшоо чиглэсэн, аливаад эмзэг, мэдрэмжтэй ханддаг. Сайн, муу, зовлон жаргалыг бусдаас илүү мэдэрдэг. Мэдэрснээ гаргах шаардлага бидэнд байдаг. Энгийн хүн мэдэрснээ илэрхийлж болох ч бидэн шиг учиргүй бүтээлээр дамжуулах нь юу л бол. Би хэрэглээний гэрэл зураг авдаггүй, бүтээл л хийдэг. Хэн нэгнийг орчиндоо байлгахгүйгээр камертайгаа харилцаад өөрийгөө субьект болгож зургаа дардаг. Гэхдээ Цэндпүрэв өөрийнхөө өнцгөөс биш, өөр хувь хүн, эмэгтэйн зургийг дарж байна гэсэн утгаар ажилладаг.
-Тэгээд зургаа хараад хөндлөнгийн нүдээр өөрийгөө ажиглахад юу бодогддог бол?
-Би урландаа өөрийгөө хараад л суугаад байдаг хүн биш. Зарим хүн амьдрал, уран бүтээлийн замналаа нэгтгэдэг бол нөгөө хэсэг нь салгадаг. Миний тухайн үед бүтээж байгаа зүйл амьдралтай минь холбоотой. Гэхдээ энэ нь би амьдралаа тоочиж байна гэсэн үг биш. Надад хамгийн хүчтэй мэдрэмж төрүүлсэн зүйлсийг дүрсжүүлж байгаа нь тэр. Өнгөрсөн сард “10 жил. Хүүрнэлүүдийг дахин асаах нь” нэртэй, сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн дэлгэлээ. Хувь, хувьсгалын амьдралын хоорондын холбоос энд нэлээд бүдгэрсэн. Үнэн байдлыг хүмүүст өөрийнхөө хэмжээнд үзүүлэхийг нэлээд хичээлээ. Би Монголдоо ирээд гурван жил болж байна. Бид үнэн гэдгийг ярихаа больчихож. Юу үнэн бэ, хэн үнэн бэ, бид аливаад үнэн хандаж чадаж байна уу, яах гэж амьдраад, юу хийгээд яваад байгаа юм бэ гэх зэрэг гүн ухааны шинжтэй асуултуудыг өөрөөсөө асуудаг.
-Тэгвэл сүүлийн үед юу танд хүчтэй мэдрэмж төрүүлсэн бэ?
-Орчин үеийн урлагт уран бүтээлч болон орчны хоорондын харилцаа, холбоос чухал сэдэв. Уран бүтээлч тухайн орчинд яаж хандаж, тэр нь уран бүтээлчид хэрхэн нөлөөлж, ямар мэдрэмжээр уран бүтээл хийж байгаа нь чухал. Хамгийн сүүлд “Хэвшсэн ахуй дахь галзуурал” нэртэй бүтээл хийлээ. Нүүдэлчин монголчууд гэж ярьдаг ч үнэндээ бид хэт барууны маягаар амьдарч байна. Нүүдэлчин байдлаа сэргээнэ гэхээр гэрт амьдарч, гал түлнэ гэх зэргээр шууд утгаар ойлгож болохгүй. Нүүдэлчин гэдэг ойлголтын утгыг би сэтгэлгээ гэж боддог. Бид нүүдэлчин ахуйгаар нь амьдарч чадахгүй ч сэтгэлгээ үлдэх ёстой. Аргалын утаа бидэнд гоё санагддаг. Харин англи хүнд үхрийн шатаасан баас яасан ч сайхан санагдахгүй, монголчууд яагаад тэнэгтээд байгаа юм бэ л гэж бодох байх. Би хөршүүдээ танихгүй. Ганцаараа ийм юм болов уу гэж найз, нөхөд ойрын хүмүүсээсээ энэ тухай асуухад надаас ялгаагүй юм билээ. Ингээд бодохоор монголчууд нээлттэй, илэн далангүй, тусархуу байснаа одоо эсрэгээрээ, хувиа л бодсон хүм үүс болчихож. Бид дөрвөлжин ханануудаар хязгаарлагдаж, түүндээ ч дассан, энэ нь тухтай. Гэхдээ бидний сэтгэлгээнд хэрхэн нөлөөлж байгааг нь анзаардаггүй. Чи орчноо бий болгохоос илүү орчин чамайг бий болгодог гэдэг үг байдаг даа.
-Та үзэл бодлоороо ганцаарддаг уу?
-Өдгөө дэлхийд тэргүүлж байгаа, орчин үеийн урлаг гэх энэ чиглэлээр мэргэшсэн цөөхөн монгол хүний нэг учир өөрийнхөө боломжоор хүмүүст аль болох ойлгуулахыг хичээж байна. Энэ тухай олон хүн ойлгохгүй байгаа нь утгагүй санагддаг. Тухайлбал, сүүлийн үед нано технологи гэж яриад байна. Энэ технологи зөвхөн тухайн салбарынхандаа л хамаатай зүйл биш, олон нийт яагаад ойлгож болохгүй гэж. Урлаг ч ялгаагүй. Зураачид бүтээлээ хадгалах гэж биш, хүмүүст үзүүлэх, ямар нэгэн зүйлийн талаар бодуулах гэж хийдэг. Гэтэл уран бүтээлчдийн олон нийттэй харилцах харилцаа муудсан. Англид энэ асуудалд их анхаардаг. Төрийн өмчийн олонх байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. “Гол зорилтот бүлэг бол олон нийт юм” гэж үзээд байнга тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг Засгийн газар нь шаарддаг.
Тэгтэл Монголд татвар төлөгчдийн мөнгө хаашаа урсаж, бидэнд ямар байдлаар хэрэг болж байгаа нь ойлгомжгүй. Англид Урлагийн зөвлөл хэмээх хэдэн тэрбум фунтын төсөвтэй байгууллага бий. Улсаас Урлагийн зөвлөлийн хөрөнгийн хагасыг өгдөг бол үлдсэн хэсгийг нь тус байгууллагынхан үндэсний сугалаа зохион байгуулж, өөрсдөө босгодог. Англичууд бараг л өдөр бүр нэг фунтээр сугалаа авч азаа үздэг юм. Азтан болбол саятан болно, үгүй бол тэр мөнгө Урлагийн зөвлөлийн дансанд ордог. Ингээд урлагийн зөвлөл урлагийн жижиг байгууллагуудыг системтэйгээр дэмждэг. Яагаад гэвэл олон ургальч үзлийг дэмжихгүйгээр урлаг хөгжихөд хэцүү. Монопольчлол ихсэх тусам цөөнхийн дуу хоолой бүдгэрнэ. Манай улсад өнгөрсөн 25 жилийн хугацаанд урлагийн олон байгууллага үүссэн ч санхүүгийн асуудлаас болж хөл дээрээ удаан зогсоогүй. Уран бүтээлчид орчин үеийн хандлагатай бүтээл хийхээр өнөөх нь зарагдахгүй, үүнээс болж олон хүн амьжиргааны ажил хийж байна.
-Орчин үеийн урлаг дэлгэрснээс хойш хүн бүр уран бүтээлч болох боломжтой гэх ойлголт бий болсон.
-Дөнгөж 60-аад жилийн өмнөөс орчин үеийн урлагийн үндэс тавигдсан болохоор түүх нь бат нот бичигдээгүй, дүгнэлт хандлага өөрчлөгдөөд л явж байна. Тиймээс би хувийн бодлоо хэлье. Зарим хүн орчин үеийн урлагийг шалгуургүй, хэн ч юугаар ч хамаагүй хийчихэж болох юм шиг ойлгодог. “Үүнийг манай хүүхэд ч зурчихна” гэдэг. Орчин үеийн урлагийн бүтээл харагдах байдлаараа энгийн байх талтай ч тухайн шийдэлд хүрэхийн тулд маш их бодож, боловсруулж, олон туршилт хийсэн байгаа. Тэр бүтээлийг галерейнхэн, мэргэжлийн хүмүүсийн шалгуураар сонгож танилцуулдаг. Хүн бүр ухаалаг гар утсаараа зураг дарж чаддаг. Тохиолдлоор хэн ч аятайхан зураг авч болно. Харин мэргэжлийн уран бүтээлчдэд тохиолдол гэж байдаггүй. Хийе гэснээ хэзээ ч, хаана ч өндөр түвшинд хийдэг. Би 2004 оноос хойш суралцаж, олон ном уншиж, үзэсгэлэн үзлээ. Одоо л энэ талаарх мэдлэг жигдэрч байна гэх мэдрэмж төрж байна.
Контемпорарийг олон нийт ойлгоход хэцүү, уран бүтээлчдийн амьжиргаанд нөлөөлдөг ч энэ чиглэлээр уран бүтээл хийдэг хүн олон болжээ. Гол нь тэдний уран бүтээлийг бусдад ойлгуулах талаас нь ажиллах хэрэгтэй. Тиймээс ч энэ тухай хүмүүст зөв ойлголт өгөхөөр 2013 оноос хойш цуврал лекц уншиж байна. Саяхан зохион байгуулсан 10 цуврал лекцэнд давхардсан тоогоор 160 хүн суулаа. Тэд цаашаа нэг хүнд ярина гэхээр 360 хүнд ойлголт очно гэж бодъё. Хамгийн гол нь анхнаас нь зөв ойлголт өгөх чухал. Харин дараа нь тухайн хүн ойлголтоо хэрхэн гүнзгийрүүлэх нь өөрийнх нь хэрэг.
-Гоо сайхангүй урлаг гэж байх уу?
-Урлагт зөвхөн гоо зүй гэх ойлголт бий. Хоёул ижил үгээр эхэлдэг болохоор хүмүүс гоо сайхан, гоо зүй хоёрыг хольж солиод байдаг. Үүнээсээ болж урлагаас гоо сайхан буюу өөрт эерэг таашаал өгөх мэдрэмж хайдаг. Урлаг заавал сайхан мэдрэмж өгдөг захиалгын ажил биш шүү дээ. Урлагийн бусдад нөлөөлдөг хамгийн том чадвар бол тухайн хүн, олон нийт, зорилтот бүлгийнхний амьдралын тухай, өөрийнх нь тухай хэвшсэн ойлголтыг эвдэхэд оршдог. Хэвшсэн ойлголтыг өөрчилж чадахгүй бол утга учиргүй. Хүний гоо сайхны тухай ярья л даа. Давхраатай нүд, өндөр хамар, гуалиг биетэй байх ёстой гэсэн тогтсон, хэвшсэн зүйл ер байхгүй. Хүн бүр өөрийн гэсэн гоо сайхантай. Гэтэл эмэгтэй хүнийг дүрслэхдээ зарим уран бүтээлч төгс гоо сайхантайгаар харуулах гэдэг. Үнэндээ загвар өмсөгчдийнх шиг 90:60:90 биеийн харьцаатай хүн дэлхийн хүн амын нэг хувьд ч хүрэхээргүй цөөхөн.
Тийм зүйлийг үлдсэн 99 хувиас нь нэхэх утгагүй. Хүмүүсийн сэтгэлзүйд ч өөрчлөлт орж, гоо сайхны мэс засал хийлгэх нь замбараагаа алдлаа. Хүн гоо сайхнаа жинхэнэ утгаар мэдрэхгүй байгаа нь Монголд урлаг өөрийн үүрэг, даалгавраа биелүүлэхгүй, хэвшсэн ойлголтыг эвдэхгүй байгаагийн шинж. Кино, сурталчилгаанд үргэлж хамгийн царайлаг, бусдад таалагдах хүмүүсийг тоглуулдаг. Энгийн олон хүн тэдэнтэй яагаад ч адилхан байж чадахгүй. Гэтэл боломжгүй зүйлийг олон нийтээс шаардаад, хүмүүс хямарч байна. Эмэгтэйчүүд ялангуяа хамгийн сүүлийн үеийн сонгодог зохиол уншихсан гэхээсээ илүү 10 кг хасчихвал гоё болох гээд байна гэдэг. Мөн бусадтай өөрийгөө харьцуулж атаархдаг. Хүмүүст төстэй тал байж болох ч туршлага, боловсрол, мэддэг, чаддаг нь ондоо байхад гадаад байдалтайгаа харьцуулж сохроор дагалдах нь тэнэг хэрэг.
-Тэгвэл өөрийнхөө оюун ухаан, мэдлэгийг бусадтай харьцуулах нь зөв үү?
-Би гэр хороололд өссөн. Шилдэг оюутнаар шалгарч, тэтгэлэгт хамрагдаад, цаашдаа өөрийн зардлаар докторт суралцсан. Анхнаасаа ингэж төлөвлөөгүй ч маш их хөдөлмөрлөсөн. 1999-2001 оны зун амраагүй. СУИС-ийн оюутнууддаа “Бүх юм боломжтой” гэж хэлдэг юм. “За танилтай л бол юу ч болно, бүтнэ” гэж зарим монгол ярьдаг. Монголдоо л тийм байгаа болохоос биш, гадаадад очвол чадвар, мэдлэгээрээ өрсөлдөх хэрэг гарна. Хүмүүсийг адуу мал шиг гадна талаас нь шинжихээ больж, танил тал, мөнгө, эрх мэдлийн нөлөөгөөр биш, мэдлэг, ухаан, туршлагаар нь үнэлдэг цаг удахгүй ирэх байх. Тэр үед өнөө гоё, ганган хувцастай хүмүүс энэ хэвээрээ байж болохгүй, гологдоно.
Аав минь Монголоос Москвад тагнуулын сургуульд сурсан 10 гаруйхан хүний нэг. 30 гаруй жилийн мөрдөн байцаах туршлагатай. Цаг хугацаагаа дагаад зарим зүйл нь хуучирсан байж мэдэх ч энэ их мэдлэг туршлагыг нь ашиглахгүй юм. Аав тэтгэвэртээ гараад 10 жил болж байхад миний мэдэхээр лав залуу мөрдөн байцаагчдаас “Ийм хэрэг хэрэг дээр ажиллаж байна, зөвлөөч” гэж хандсаныг мэдэхгүй юм. Хөгширсөн, хэрэггүй өвгөн гэж боддог юм уу, энэ мэтээр бид бие биедээ үнэлэмжгүй ханддаг. Хүн бүрээс сурах зүйл байдаг ч гаднаас нь хараад төгссөн сургууль, хүйс, насаар нь категоричилсон. Энэ байдал удахгүй арилна гэж найдаж байна.
-Куратор гэх нэршлийг монголчилж болох уу?
-Монгол хэлнээ хөрвүүлье гэж боддог ч үнэхээр буудаггүй үг байдаг. Куратор бол уран бүтээлчидтэй ажиллах, үзэсгэлэн зохион байгуулах хоёр чухал ажил хийдэг ч урлаг судлаач биш. Яг одоогийн байдлаар тохиромжтой нэршил байхгүй тул олон улсын хэллэгээр нь хэрэглэж байна. Компьютер, машин гэдэг шиг энэ хэвээр тогтож магадгүй.
Б.ДӨЛГӨӨН