Юунд ч хичээх хэрэггүй. Юуны ч төлөө чармайх хэрэггүй. Чиний ам, гар, хөл оролцохгүй л бол бүх зүйл урагш ахихгүй юм шиг чармайх хэрэггүй. Ошогийн “Завгүй хүмүүст зориулсан бясалгал” номыг уншаад ийм нэгэн бодлын үрийг тархиндаа суулгасан юм. “Ургацаа” эргэж тойрох гэж өөртөө “ажил” удахгүй, усалж тордох гэж зүдрэхгүй, зүгээр л бодох төдийд тэр минь ямх ямхаар өндийн төлждөг нь гайхалтай. Тэр хэрээрээ надад тайвшрал өгч, ганц биеийг минь хэдэн тийш тэлэн чангаасан утгатай, утгагүй олон зүйлээс намайг чөлөөлж, гав гинжнүүдийг нэг нэгээр нь тайлах шиг болдог. Энэ мэдрэмжид би итгэдэг. Бас энэ мэдрэмж намайг улам бүр өөртөө дурлуулах болсон. Хэнд ч хамаагүй уурлаж цухалдмаар, юунд ч юм гомдож уйлмаар, дуулмаар, эсвэл бүр уумаар санагдах үе олшроод, стрессийн дээд цэг гэж байдаг бол тэр оргил руу нэлээд дөхөж явахдаа азаар энэ номтой таарсан юм.
Яах учраа олохгүй бухимдах үедээ гүйж очдог, нам гүм, хэт хурц биш, хэт бүдэг ч биш дулаахан өнгөтэй, бүлээн илчтэй, жижигхэн “эдлэнтэй” болсондоо баяртай байгаа. Тэнд очоод би бага ч болов амсхийдэг. Үлгэрт гардаг шиг уулыг нурааж, усыг эргүүлэх чадалтай баатар болоогүйдээ гутрах сэтгэл тэнд л ор мөргүй арилдаг нь хачирхалтай. “Чив чимээгүй суусаар байхад, юу ч хийхгүй байсан ч хавар ирдгээрээ л ирнэ, ногоо ургадгаараа л ургана. Юм бүхэн болдгоороо болно, чиний зүтгэл тэнд хэрэггүй” хэмээн Ошо “Бас л завгүй” гэсэн имижтэй бидэн шиг хүмүүст хандан хэлжээ. Байгаль дэлхий, хүрээлэн буй юмс бүхэн, бодит ахуйн мөн чанар нь угтаа хүнийг аз жаргалаар дүүрэн байлгахад зориулагдсан байхад бид өөрсдөө л энэ амьдралыг дур дурандаа удирдан жолоодох гэж зөрүүдэлсээр эмх замбараагүй болгодог аж.
Өөрөөр хэлбэл, бид аз жаргалын дээдийг эдлэхээсээ илүү их эрчим хүч зарцуулан байж аз жаргалгүй болдог гэвэл та итгэх үү. Сайтар бодоод үзвэл та үүнд итгэх ёстойгоо ойлгоно. Тэгээд юу ч хийхгүй, зүв зүгээр “ангайж” суугаа нэгнийг өөрийнхөө ертөнцийн аз жаргал дотор оршин буйг та анзаарах болно
Орчин үеийн хүмүүс яагаад ихэнхдээ ядарсан, хөмсөг зангидсан мэт харагддаг гэхээр байнга ямар нэг зүйлийн төлөө тэмцдэг учраас тэр гэнэ. Эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй, алдар нэртэй, авьяас суутай болох гэсэн тэмцэгчид ертөнцөөр дүүрэн. Гэхдээ тэр тэмцлийнх нь төгсгөлд чухам юу хүлээж байгааг мэдэхгүй, хэн нэгний амнаас сонссон, амьдралаас олж харсан төсөөллөөрөө луужин болгон, эх захгүй далайд гардаг.
Амьдрал хэмээх их далайд ямархан адал явдалтай аялал хийж, эцэст нь хаана газардахаа мэдэж гэмээнэ тэр жинхэнэ далайчин. Яагаад гэвэл тэр өөрийнхөө хэн гэдгийг, юу хүсэж мөрөөддөгөө сайн мэддэг. Даанч тийм хүн мянга, магадгүй арав, зуун мянгад хэдхэн байдаг биз. Хүн бүр төрөхдөө эрх чөлөөтэй байдаг ч үхэхдээ гав гинжтэй буцдагийн шалтгаан ердөө л энэ гэлтэй. Ахуйнхаа хүлээсэнд баригдсан бид улам бүр бусдаас хамааралтай болж, хэн нэгний сайшаал, үгүйсгэл, шүүмжлэл, эсвэл хүлээн зөвшөөрөх, эсэхэд ач холбогдол өгсөөр өөрөөсөө төөрч орхидог. Бусдыг өөрийнхөө шалгуур гэж үзэн, мөнгөтэйг нь дуурайж мөнгөжихийн төлөө, ухаантайг нь дуурайж “ухаантай” болохын, эрх мэдэлтэйг даган баясаж эрх мэдэлд хүрэхийн, бас царайлгуудын эгнээнд шилжихийн тулд чадах бүхнээ хийцгээж байна.
Караокед ороод зүгээр л өөртөө таалагддаг дууг зүрх сэтгэлийнхээ хөг аялгуугаар дуулахын оронд заавал Ариунаа, Сараа шиг, эсвэл Жавхлан шиг болох гэж гайхуулах нь утгагүй чармайлт гэж би хувьдаа боддог.
“Зорилготой хүн хамгийн сайхан” гээд өөрийн хэр чадлаас хэтэрсэн хүнд чулуу өргөх гэж үйлээ үзсээр байгаад насаа элээхийн оронд яагаад шударгаар чадахгүйгээ хүлээн зөвшөөрч болохгүй гэж. Тэртээ тэргүй хүний амьдрахуйн уг үндэс нь төгөлдөржилт бус, харин тухайн цаг үед өөртөө тохиолдсон бүгдийг туулан гарах явдал юм гэж оюун ухааны дээд хэмжүүр болох гэгээрэлд хүрсэн мэргэд хэлсэн байдаг. Гэхдээ энэ бол зорилгогүй амьдар гэсэн үг огтоос биш билээ. Гагцхүү зорилгынхоо боол нь бололгүй, амармаар санагдсан үедээ тоормосоо гишгин амсхийж, идмээр бол хүссэнээ идэж, гүймээр бол гүйж, хашгирмаар бол чанга орилж, хүссэнээрээ бай гэж л хэлэх гээд байгаа хэрэг.
Тэгсэн цагт “Надад үргэлж сайн сайхан зүйл тохиолдох ёстой” гэж итгэн, залуу сайхан цагийн ид хаваа гайхуулж яваад гэнэт доошоо унахад адаглаад зөөлөн газардана шүү дээ. Амьдралдаа хааяа ч гэсэн “түр зогсолт” хийх нь танд боломж, эрх чөлөө олгохын зэрэгцээ аз жаргал мэдрүүлэх нь гарцаагүй.
“Амьдралыг чи өөрийнхөө шалгууруудад тулган оруулах гэвэл бүтэхгүй, дэмий хоосон цаг үрсэн хэрэг болно. Тиймээс түр зуурын бүтэлгүйтлийг “Энэ удаад надад амрах цаг хугацаа өгч байна” гээд талархан хүлээж ав” хэмээн олон хүний амьдралыг үзэх үзлийг өөрчилсөн Ошо хэлжээ. Нээрээ л бидэнд бүхий л өдөржингөө ажилласан хэрнээ шөнө нь унтаж амрахдаа ч бас “Энэ хугацаанд би мөн ч ихийг амжуулах байсан даа. Ахиухан мөнгө ч олох байсан” гэж сэтгэлээ чилээх үе бишгүй.
Гэтэл бид өнөөдрийн аз жаргал, эрх чөлөөгөөрөө дэнчин тавих хүртлээ маргаашдаа өртэй хүмүүс биш шүү дээ. Нэг аз жаргалын төлөө нөгөөг нь үгүй хийдгээ бид тэр бүр анзаардаггүй. Юм бүхэнд амарч завсарлах цаг байдгийг мартталаа нэг л зүйлийн төлөө үхэн хатан зүтгэсэн минь талаар болох шиг аймшигтай эд эцэст нь хаана ч байх билээ. Тэгээд л чармайх хэрэггүй гэж хэллээ. Харин үүнийг зорилго, хүсэл мөрөөдөлдөө бууж өгч буй хулчгар хүний үйлдэл гэж ойлгуузай. Амьдрал үнэндээ, бүгд нэг гараан дээрээс зэрэг ухасхийдэг марафон гүйлтийн уралдаан биш шүү дээ. Бидэнд гүйхгүй, алхах сонголт бас бий.
Л.АРГАМЖИН