Өнөө цагт, хайрын сэдэвтэй киноны гол дүрд тоглодог цөөн эрэгтэй жүжигчдийн нэг Э.Мөнхтөртэй ярилцлаа. “АКапелла” хамтлагийн дуучин тэрбээр “Сайн уу амьдрал минь”, “Хайр”, “Хайрын рекорд”, “Тагнуулч аав”, “Амьдралын амт”, “Сэтгэлийн аргамж” зэрэг кинонд тоглосон юм.
Өнгөрсөн лхагва гаригт нээлтээ хийсэн “Эр хүн болгож өгөөч” киноны Батын дүрд тоглоход хүндрэлтэй байв уу?
-2004 онд УДЭТ-т “Эр хүн болгож өгөөч” жүжиг тавьж, Бямбацогт ах Батын дүрд тоглосон. Жүжигчин болно гэсэн дэврүүн сэтгэлтэй явсан оюутан би тэр жүжгийг үзээд “Батын дүрд өөрийгөө тоглож байна” гэж мөрөөдөж байлаа. Тэгтэл 10 гаруй жилийн дараа уг зохиол дэлгэцийн бүтээл болоход Батын дүрд тоглох хувь надад тохиосон. Эв эрүүл залуу ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсноосоо сэтгэлээр унаж, гутардаг. Түүний байдлыг харагдах талаас нь илэрхийлж болохоор байсан ч хамгийн гол нь дотроо юу боддог бол гэх сэтгэл гутралыг нь илэрхийлэхэд хүндрэлтэй байсан. Тийм байдалд орсон хүн өнгөрсөн амьдралаа дурсаж, эрүүл байсан бол яах вэ гэдгээ эргэцүүлж, үхлийн талаар бодох байх.
Бид тийм хүмүүсийг зовж байна даа гэж ойлгодог. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүнд бусдыг зовоох нь өөрөө зовохоос хэцүү байдаг шиг санагдсан. Д.Бямбацогт ахтай хамтран тоглосон нь дүрээ гаргахад нэмэртэй байлаа. “Та ямар өнцгөөс дүрээ илэрхийлсэн бэ” гэж асуухад тэрбээр “Адилхан болчихно. Тэр бол жүжиг, энэ кино учир ялгаатай” гэдэг байлаа. Энэ кинонд хурц үйл явдал хэд хэд бий. Тэр бүрийн зураг авах завсар зайгаар хоорондоо энэ дүрийн талаар ярилцдаг байсан нь тус болсон.
-“Сайн уу амьдрал минь” кинонд тоглосон О.Цэнгэлтэй олон жилийн дараа дахин хамтрахад ямар байв?
-Тэр бол миний тоглосон анхны кино. Өмнө нь “Хувьсал” продакшинд харьяалагдаж, жүжигт дүр бүтээдэг байсан ч энэ нь кинонд тоглохоос ялгаатай. Холоос харахад үзэгчдэд ойлгомжтой байлгахын тулд тайзны жүжиглэлт хэтрүүлэгтэй. Харин кинонд тоглоход энгийн, амьдрал дээрх шиг байх ёстой. Тиймээс кинонд тоглоход анх хүндрэлтэй байсан. Цэнгэлийн хувьд ч тэр анхных нь кино. Би мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллалаа, Цэнгэл ч хэд хэдэн бүтээлд тоглосон. Биднээс мундаг хүмүүс байхад туршлагатай болсон гэх нь хаашаа юм, гэхдээ өөрсдийнхөө хэмжээнд дүрээ бүтээдэг, сандардаггүй болжээ. Долоон жилийн өмнөхийг бодоход түүнтэй ойлголцоход хүртэл хялбар байлаа. Тухайн үед Цэнгэл хүүхдээрээ байсан бол одоо бүсгүй болж, үзэж туулсан амьдрал, үзэл бодол нь хүртэл өөрчлөгдсөн байна лээ.
-“Цоггэрэл ахтай ам мурийгаагүй, “А-Капелла” хамтлаг “Хувьсал” продакшнаас хоёр жилийн чөлөө авсан” гэж өмнө нь ярилцлагадаа хэлсэн байсан. Түүнээс хойш олон жил өнгөрчээ.
-Уг нь хамтлагийнхаа уран бүтээлийг тууштай хийж, цомог гаргаж, тоглолт зохион байгуулах хүсэл эрмэлзлээр чөлөө авсан. Тэгтэл тэрнээс хойш найман жил болчихлоо (Инээв). Манай хамтлагийн У.Мөнх-Од “Хувьсал”-ын “Хайр” жүжигт тоглосон шүү дээ. Хэдийгээр бид тус продакшинд харьяалагдахаа больсон ч энэ мэтээр хамтарч ажиллахад нээлттэй байгаа.
-Чөлөөт уран бүтээлчид УДЭТ-ын жүжигчид шиг өдөр бүр цаг бүртгүүлэх шаардлагагүй. Кинонд тоглоогүй үедээ юу хийдэг вэ?
-Киноны зураг авах ажил эхэлсэн үед 07.00 цаг ч бай, 03.00 цагт ч хамаагүй дуудахад “гозойж” байх учиртай. Тиймээс уран бүтээлд оролцоогүй үедээ аль болох гэртээ байхыг л хичээдэг.
-Одоо юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Нэг кинонд тоглоно. Зохиол нь бэлэн болоогүй байгаа учир энэ тухай ярихад эрт байна. Цаашдаа мэргэжлээрээ ажиллана. Гэхдээ хүмүүс өөрийн гэсэн бизнестэй байхыг илүүд үздэг болжээ. Би ч гэсэн гэрээгээр ажиллахаас гадна урлагийн салбарт өөрийн ажлыг эхлүүлэх санаатай байна.
-Монголдоо бүрэн хэмжээний мюзикл тавих зорилготой гэж дуулсан. Энэ нь биеллээ олоход хэр ойрхон байна вэ?
-СУИС-ийг хөгжимт театрын чиглэлээр төгссөн манай ангийн 20 гаруй хүүхэд тал бүрт уран бүтээлээ хийж байна. Мюзикл гэдэг өнгөлөг төрөл учир хувцас, тайз чухал. Хөгжмийн зохиол, цомнолоос эхлээд дуу, бүжиг гээд олон төрлийг хамардаг болохоор энгийн кино, жүжгийг бодоход зардал өндөртэй. Мюзикл хийхээр төсөвлөж үзэхэд маш өндөр зардлаар бүтэх тооцоо гарсан. Халтуурдахгүйгээр мюзикл тавихыг зорьж байгаа болохоор цаг нь ирэхийг хүлээж, зорилгоо хойш тавиад байна.
-Таны бодлоор эр хүний амьдрал хэдэн наснаас эхэлдэг вэ?
-Яг тэд гэж би лав нас зааж мэдэхгүй юм байна. Гэхдээ өөрийнхөө өнцгөөс бодож үзэх нь ээ, хүн амьдралдаа хоёр том сонголт хийдэг бололтой. Ямар хүн болох вэ гэдгээ тодорхойлж эхлээд мэргэжлээ, дараа нь хань ижлээ сонгоно. Энэ хоёрыг сонгосны дараа л эр хүний амьдрал эхэлдэг байх.
-Таны амьдрал хэзээнээс эхэлсэн бэ?
-Гэрлээд таван жил болж байна. Хоёр хүүхэд минь балчир болохоор эхнэр тэднийгээ хараад одоогоор гэртээ байгаа.
-Иймэрүү ханьтай болно доо гэж урьд нь таны төсөөлснөөс хэр зөрсөн бэ?
-Амьдрал хэзээ ч мөрөөдсөн шиг сайхан, төсөөлсөн шиг муухай байдаггүй юм билээ. Би урьд нь ийм, тийм хүнтэй гэрлэнэ гэж айхтар бодож байгаагүй ч төсөөлж байсан. Тэс өөр сонголт хийсэн. Гэхдээ би сонголт хийсэн гэж хэлэх нь хаашаа юм. Миний амьдралын төөрөг л тэгж зурагджээ.
-Таны амьдралдаа хийсэн хамгийн сайн үйл юу вэ?
-Мундаг сайн үйл хийж яваагүй юм шиг байна. Эргээд бодох нь ээ, хийх ёстойгоо л хийж явжээ. Бусдыг айхтар баярлуулж байгаагүй, бараг гомдоосон нь их байх. Гэхдээ өөрийнхөө амьдралд, байгаадаа, хийсэн хоёр чухал сонголтдоо сэтгэл хангалуун байдаг. Өөртөө хийсэн хамгийн сайн, зөв үйл тэр гэж боддог. Яагаад гэвэл тэр сонголтуудыг хийгээгүй бол өөр тийшээ өнхөрчихөж мэдэх үе надад олон байсан. Хүний амьдралд тохиолддог асуудлууд тулгарахад энэ сонголтууд намайг зөв зам руу хөтөлсөн байх.
-Таны тоглосон киноны олонх нь хайрын сэдэвтэй. Амьдралд тань кинон дээрх шиг романтик учрал хэр олон тохиож байв?
-Туулсан бүхэн тухайн хүндээ утга учиртай. Эхнэртэйгээ танилцсан түүх маань мэдээж кинон дээрх шиг биш, хүмүүст ярихад романтик зүйлгүй. Гэхдээ миний л хувьд энэ бол хамгийн гоё учрал. Энэ учралыг кинонд багтаавал гоё, хүмүүс үзээсэй, хараасай гэж надад санагдана. Яагаад гэвэл миний амьдрал наддаа л үнэтэй байхгүй юу. Үнэндээ бидний учрал маш энгийн. Хүнтэй уулзахаар тохирч утсаар ярьтал найзтайгаа хамт явж байна гэсэн. Яах вэ, дагуулаад л ир гэж хэлснээр анх бие биенээ харсан. Үүний дараа эхнэр рүүгээ би анх залгаж байлаа.
-Урлагийнхан мэдрэмжтэй учир ухаанаараа гэхээсээ илүү сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргаад байх шиг санагддаг. Үүнээсээ болж амьдралд хөнгөн хуумгай хандах, хөнгөмсөг үйлдэл хийх нь ч бий. Таныг жүжигчин гээд суухаас дургүйлхэж байсан уу?
-Миний эхнэр анх “Би чиний жүжигчин мэргэжилд дургүй. Харин дуулахад чинь дуртай” гэж байсан. Яагаад гэдгийг нь асууж байсангүй. Магадгүй одоо намайг ойлгодог болсон байх, тэгж ярихаа больсон. Гэр бүлийн харилцаатай, эротик үйл явдал зарим кинонд байж таарна. Тийм хэсэгт эхнэр минь мэдээж дургүй, түүнийгээ ч хэлдэг. Миний мэргэжил шүү дээ гэж би тайлбарладаг юм.
-Олны танил болох тухайн хүнийг эвдэх нь их болов уу, эсвэл хүмүүжүүлдэг үү?
-Би бөөрөнхий хүн юм уу даа. Чиний асуултад хариулах гэхээр дандаа хоёр талтай хэлэх гээд байна. Олон хүн таньдаг болж, түүндээ онгироод явбал буруудна. Хүмүүс намайг харж байгаа гэж алдаагаа засах тал ч бий. Тухайн уран бүтээлч аль талыг баримтлахаас шалтгаална.
-Олны танил болсноор та өөрчлөгдсөн үү?
-Хүмүүс намайг ажиглаж байгаа болохоор алдаа гаргах эрхгүй болсон. Тухайлбал, замын түгжрэлээс болж жолооч нар хоорондоо байнга хэл ам хийж байна. Тийм асуудал надад тохиолдвол миний уур хүрлээ ч тэвчих ёстой. Яагаад гэвэл олон түмэн харж байна. Хэн ч зураг, дүрс бичлэг аваад олонд цацаж магадгүй. Энэ бүгдээс хааяа залхмаар шүү. Зүгээр л хэрүүл хийгээд өөрийнхөөрөө амьдармаар байна. Хоёр машин өөд өөдөөсөө хараад зогсчихсон, хэн хэндээ буулт хийх ёстой байхад хараагаад байдаг. Би өөдөөс нь хэрэлдмээр байна шүү дээ. Шүдээ зуугаад л өнгөрдөг. Гэхдээ энэ нь ч буруу биш л дээ. Муу зангуудаа барьж, засахад хэрэг болдог. Хүн бүрт муу зан байдаг ч тэрийгээ дарж, зарим үед илэрхийлдэг шүү дээ.
-Та бухимдлаа хэрхэн тайлдаг вэ?
-Ганцаараа байхдаа бодол, эргэцүүллээрээ стрессээ тайлдаг.
-Танд та таалагддаг уу?
-Таалагдахгүй гээд яах билээ. Таалж байж амьдарна шүү дээ. Мэдээж таалагдахгүй зан чанар бий. Тухайн үедээ миний зөв санагдаж байгаад эргээд бодоход яах гэж тийм үйлдэл хийв гэж харамсаж, өөрийгөө зэмлэх үе бий. Өөртөө таалагдахын төлөө өөрийгөө засаж л явна даа.
-Танд таалагддаггүй зан тань юу вэ?
-Хааяа зожиг. Тэрийгээ гаднаа илэрхийлдэггүй ч өөрөө мэддэг. Багаасаа л тийм байсан, энэ зан үе үе цухалздаг. Тухайлбал, зарим хүн хэт найзархаад “Анд аа” гэж дууддаг. Андгай тавьж байж анд бололцдог гэж би ойлгодог. Гэтэл танилын хүрээний хүн тийм үнэ цэнэтэй үг хэрэглэж саймширвал дотор арзганана.
-Алдар нэр танд хэр чухал вэ?
-Мэргэжлийн онцлогоос шалтгаалж алдар нэр надад хэрэгтэйгээс биш, хувь хүн минь тийм зүйлд дургүй, энгийн байх дуртай. Би их даруухан, ичимхий. Хэн тоглосноос нь хамаарч хүмүүс кино үздэг. Тэгэхээр алдар хүндээ өсгөх, цэвэр байлгах зорилго байна.
-Ярилцлага өгөхөөр сэтгэлзүйчид сэтгэл доторхоо уудалж байх шиг санагддаг уу, эсвэл мөрдөн байцаалтад орж байгаа юм шиг мэдрэмж төрдөг үү?
-Би яриа хөөрөө муутай хүн л дээ. Тиймдээ ч телевизэд ярилцлага өгөх дургүй. Зарим сэтгүүлч байцаалт авч байх шиг мэдрэмж төртөл асуудаг шүү. Гэхдээ энэ удаа зүгээр байна.
-Тоглосон дүрүүдээ эргээд дурсахад юу бодогдож байна вэ?
-Мэргэжлийн өнцгөөс үзэхэд тухайн дүрүүд надаас ондоо байх ёстой боловч бодох нь ээ, тайзан дээр ч, дэлгэцийн бүтээлд ч бай жүжигчин хүн өөрөөрөө л тоглодог юм болов уу. Мэдээж тухайн дүрийг зохиолын дагуу гаргахыг хичээнэ. Гэхдээ би тогловол нэг өөр, Батаа, Болдоо бас өөрийнхөө оюун санаагаар амилуулна. Ямар хүрээнд сэтгэж байна вэ гэдэг оюун санаагаараа дүрээ бүтээдэг. Тухайлбал, ид дурладаг насандаа хайрын тухай киноны баатар байсан бол хэдэн жилийн өмнө гэр бүлтэй болоод эхэлтэл найруулагч надад эхнэр, хүүхэдтэй, эсвэл амьдрал зохиох нас нь оройтсон нөхрийн дүр оноодог болсон. Хэдэн жил өнгөрөхөд залуучуудын тухай кинонд хүүхдүүд гол дүрд нь тоглож, би аав, өвөөгийн дүр бүтээх биз.
Б.ДӨЛГӨӨН