Жүжигчин Б.Амарсайхан АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүр бүтээхээр Холливудыг зорьж, монголчууд түүгээр бахархан үлдсэн цаг саяхан. Уг кино дэлхийн сая сая хүмүүсийг байлдан дагуулсаар буй энэ цагт Монголд нээлтээ хийв. Өнгөрсөн пүрэв гаригт болсон уг арга хэмжээнд “Марко Поло” киноны зохиолыг бичсэн Жон Фуско, найруулагч Даниэль Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин Б.Амарсайхан болон соёл урлаг, бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн нэр хүндтэй зочид оролцсон юм.
“Манай жүжигчид дэлхийн хэмжээний кинонд тоглоход ур чадварын хувьд дутахгүй гэдгийг зураг авах үеэр мэдэрч байлаа. Монгол хүн анх удаа тоглосон Холливудын кино гэдэг утгаараа нэлээд ач холбогдол өгч өнөөдрийн арга хэмжээг би зохион байгууллаа. Сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Монголчууд агуу түүхтэй ард түмэн хэдий ч, түүнийгээ дэлхийд таниулж, эх орноо сурталчилж чадахгүй байгаа нь харамсалтай. Би Монголын кино урлагийн төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн жүжигчин Б.Амарсайхан сэтгэгдлээ хуваалцав.
“Юань гүрнээр аялсан Италийн аялагч Марко Пологийн түүхэн тэмдэглэлд тулгуурлан бүтээсэн 10 ангит уг киноны тухай шуугиан дэлхийд үргэлжилсээр байна. 90 сая ам.доллар зарлагадаж бүтсэн “Марко Поло” төлөвлөж байснаас илүү амжилт олсон учраас дараагийн цувралд 60 гаруй монгол жүжигчнийг туслах болон олны хэсэгт тоглуулахаар төлөвлөж байгаа гэсэн таатай мэдээг найруулагч Даниэль Минахан дуулгасан юм.
Дашрамд сонирхуулахад, Сорхугтани хатан, Жаха Хамбу, Наян хунтайж нарын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн дүрийг Монголоос тун удахгүй сонгон шалгаруулах юм байна. Энэ бол Монголын кино урлагийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал юм.
Г.ОЮУНТОГТОХ