Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв. Мөн банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 13 болон 18-д хүргэхээр болжээ. Жилийн инфляц 2024 оны арванхоёдугаар сард улсын хэмжээнд ес, Улаанбаатар хотод 9.1 хувьтай гарчээ. Ийнхүү инфляц зорилтын дээд хязгаарыг давахад цахилгаан, мах, импортын барааны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн аж. Түүнчлэн эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалин нэмэгдсэний нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өсжээ. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлага бий болгосон гэж дүгнэжээ.
Гадаад, дотоод эдийн засгийн өсөлтийн төлөвт томоохон өөрчлөлт гараагүй ч геополитикийн эрсдэл, тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр буй. Мөн банкны салбарын зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл үүсгэж болзошгүй аж. Иймд мөнгөний бодлогын төлөвийг чангаруулж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн байна.
М.Оч