Нийслэлийн 141 дүгээр сургуулийн хоол зүйч Н.Ундармаатай ярилцлаа. Сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500-д хүргэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны сүүлчээр гаргасан. Энэ дүн нь сурагчдад шим тэжээл сайтай хоол бэлтгэхэд хангалттай, эсэхийг түүнээс тодруулсан юм. Дан ганц хоолны түүхий эдийн зардалд анхаарах бус, боловсруулалт, түгээлтийн шатанд ч ач холбогдол өгөх шаардлагатайг тэрбээр онцоллоо.
-Ерөнхий боловсролын сургуулиуд хоол зүйчтэй болоод удаагүй байна. Ер нь хоол зүйч нар ямар төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа вэ?
-Хоол зүйч нарыг хүмүүс тогооч гэж андуураад байдаг л даа. Тэд таны идсэн хоол боловсруулах эрхтний тусламжтайгаар хэрхэн задарч, шим тэжээлийн бодисууд яаж шимэгддэг талаар судалдаг. Тэгэхээр бараг эмч ч гэж хэлж болох юм шиг. Нөгөөтээгүүр, хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн, ямар технологиор боловсруулснаар шим тэжээлийн алдагдалгүй байхыг судалдаг технологич гэж хэлж болно. Ийм хоёр томоохон шинжлэх ухааныг хослуулдгаараа маш сонирхолтой мэргэжил. Ерөнхий боловсролын сургуульд хоол зүйч хоол үйлдвэрлэлийн хэсгийг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Мөн сурагч, багш, эцэг, эх, асран хамгаалагч нарт хоол, шим тэжээлийн боловсрол олгох гэсэн үндсэн хоёр үүргийн дагуу ажилладаг.
Дэлхийн хүн амын тоо ихсэж буйтай холбоотойгоор хоол, хүнсний бүтээгдэхүүн ч мөн адил хувьсан өөрчлөгдөж байгаа. Тиймээс хоол зүйч нар үргэлж шинийг суралцах хэрэгтэй болдог. Тиймээс өнгөрсөн онд Шим тэжээл судлалын төвд clinical dietitian буюу эмнэл зүйн хоол зүйчээр мэргэшсэн. Харин энэ жил pediatric dietitian буюу хүүхдийн хоол зүйчээр мэргэшин суралцаж байна.
-141 дүгээр сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрт хэдэн сурагч хамрагддаг вэ. Хоолны цэсийг боловсруулахдаа суралцагчдын тоог харгалзан үздэг үү?
-“Үдийн хоол” хөтөлбөрт нийт 2000 хүүхэд гурван ээлжээр хамрагдаж байна. Хоолны цэс боловсруулахдаа хүүхдийн тоо, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хүчин чадал, гал тогооны зохион байгуулалт, хоолны өртөг, нийтлэг харшилдаг хүнсний бүтээгдэхүүн зэргийг харгалзан үздэг.
-Сурагчдын нас, хүйс, хэрэгцээт шим тэжээл зэргийг судалсны үндсэн дээр хоолны цэсээ боловсруулах боломж байдаг уу?
-Эрүүл мэндийн садын А74 дүгээр тушаал, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хүрээнд сургуулийн хоол зүйч нар хүүхдийн хоолноос авах илчлэг, шим тэжээлийг тооцдог. Гэхдээ хүүхэд бүрд зориулсан, өөр өөр илчлэгтэй хоолны цэс боловсруулахаас илүүтэй зонхилон тохиолдох харшил, суурь өвчин зэрэгт анхаарлаа хандуулдаг.
-Сургуулийн үдийн хоолны түүхий эдэд зарцуулах мөнгийг нэмэгдүүлээд удаагүй байна шүү дээ. Ингэснээр төсөв нь шим тэжээл сайтай хоол бэлтгэхэд хангалттай хүрэлцэх үү?
-Ерөнхий боловсролын тухай хуульд хүүхдийн хоолноос авах илчлэгийн хэмжээг зааж өгсөн. Үүнээс 40 хувийг нь сургуулийнхаа үдийн хоолноос авна гэсэн заалт бий. “Үдийн хоол” хөтөлбөрийн өмнөх өртөг 1500 төгрөгөөр ч хүүхэд хангалттай илчлэгтэй хоол хүнс идэж болно. Учир нь илчлэгийг өндөр хэмжээгээр агуулдаг бүтээгдэхүүн болох цагаан будаа, гурил зэргийг ашиглан хоол бэлтгэхэд 610 ккал хангалттай хүрдэг. Эндээс илчлэг, шим тэжээл гэдэг нь харилцан адилгүй ойлголт гэдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс сургуулийн хоол зүйч нар илчлэгийг хангалттай хэмжээнд хүргэхээс илүүтэй шим тэжээл сайтай хоол өгөхийг зорьж ажилладаг. Амин дэм, эрдэс бодисоор баялаг цэс боловсруулахын тулд үндсэн хоолноос гадна нарийн ногооны салат ч бэлтгэдэг. Илчлэгээс илүүтэй бичил шим тэжээл чухал юм.
Үдийн хоолны түүхий эдийн зардлыг 2500 төгрөг болгож, нэмснээр хүүхдүүдэд 10 грамм салат өгдөг байсныг 15-д хүргэх боломж бүрдсэн. Сүү, сүүн бүтээгдэхүүн долоо хоногийн гурван өдөр өгдөг байсан бол тав болгох боломжтой. Гэсэн ч асуудал шууд шийдэгдэхгүй. Учир нь түүхий эдийн үнийн өсөлтийг бид бодолцох ёстой. Хэдий үдийн хоолонд зарцуулах төсөв нэмэгдсэн ч түүхий эдийн үнэ өссөөр байна шүү дээ. Түүхий эдийн өртгөөс илчлэг, шим тэжээлийн хэмжээ хамаарна.
Төрийн худалдан авалтын цахим дэлгүүр болох tender.gov.mn/mn/eshop-оос сургуулиуд хоолныхоо түүхий эдийг худалдан авдаг. Худалдаа эрхлэгчид өвлийн улиралд амт, шимтэй мах өгч байснаа хавар болоход “Нөөц хомсодлоо” гээд нийлүүлэлтээ таслах жишээтэй. Худалдаа эрхлэгчид энэ талаараа “Махны нөөц багассан учраас үнэ нь өссөн. Та бүхэн мах авахыг хүсэж байгаа бол хониных бий” гэдэг. Аргагүйд хүрээд хонины мах авахаар хэт их өөхтэй, хуршмал амттай байх тохиолдол гардаг. Үүгээр хэлэх гэсэн зүйл нь түүхий эд бэлтгэн нийлүүлж буй компаниудыг чанаржуулж, бүтээгдэхүүнийг хүртээмжтэй болгох хэрэгтэй. Хэдийгээр үдийн хоолны түүхий эдийн зардлыг 2500 төгрөг болгож, нэмсэн нь сайшаалтай ч өмнө дурдсанчлан асуудлууд бий.
-Улирлын онцлогоос хамааралтайгаар хоолны цэс хэр өөрчлөгддөг вэ?
-Улирал, цаг ууртай холбоотой хүнсний түүхий эдийн нийлүүлэлтийн хэмжээ, үнэ өөрчлөгддөг. Энэ нь хоолны цэс өөрчлөгдөх нэг шалтгаан болдог.
-Бага ангийн сурагчдын хоол тэжээлийн байдлын талаарх судалгааг өнгөрсөн онд БШУЯ-наас танилцуулж байсан л даа. Энэхүү судалгааны дүнгээр хүүхдүүд D аминдэм, кальцийн дутагдалтайг тогтоосон. Үүний шалтгаан нь загас, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ багатай холбоотой хэмээн судлаачид тайлбарлажээ. Иймд эдгээр бүтээгдэхүүнийг өөрөөр орлуулах замаар шаардлагатай аминдэмийг нөхөх бололцоо бий юү?
-Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж буй “Сүү” хөтөлбөрт манай сургууль ч хамрагдаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд долоо хоногийн гурван өдөрт аминдэмээр баяжуулсан сүүг 1-9 дүгээр ангийн сурагчдад өгдөг. Мөн үдийн хоолны цэсэд сүү, сүүн, малын дайвар эд зэрэг бүтээгдэхүүнийг оруулах боломжтой.
-Хүүхдүүд зөвхөн сургуульдаа бус, гэртээ ч шим тэжээл сайтай хоол идэх хэрэгтэй шүү дээ. Та бүхэн эцэг, эхчүүдтэй хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Үнэнийг хэлэхэд эцэг, эхчүүдтэй хамтран ажиллах хэцүү байдаг л даа. Идэх хоолоо хүнээр заалгахгүй гэсэн бодолтой нь олон. Гэхдээ уйгагүй сургалт явуулаад, мэдээ мэдээллээр хангахаар бага багаар ойлгоод эергээр хүлээж авах болжээ. Нөгөөтээгүүр, маш хичээнгүй аав, ээж нар ч бий. Ийм учраас хүнд бүрд тохирсон аргаар зөвлөгөө өгдөг.
-Зөвхөн сургуульдаа бус, гэртээ ч эрүүл хооллох зөвлөмжийг хүүхдүүдэд өгдөг үү?
-Хэрхэн хооллох, хоол хүнсээ зөв сонгох, юу идэх хэрэгтэй вэ гэх мэт нас насны бүлэгт тохирсон сургалтыг хоол зүйч нар явуулдаг. Үүнийг ч хүүхдүүд маш сайн ойлгож хүлээж авдаг.
-Хоолыг боловсруулах явцаас гадна түүхий эдийг нь бэлтгэх шат ч чухал шүү дээ. Үүнд чанартай хүнсний материал сонгохоос эхлээд тээвэрлэх, хадгалах зэрэг ч хамааралтай болов уу?
-Энэ бол маш том асуудал. Тээврийн хэрэгслээр түүхий эдийг зөөх, хадгалах явцад тухайн бүтээгдэхүүнд агуулагдах шим тэжээл алдагдах эрсдэлтэй. Манай сургуулийн хувьд тендерээр түүхий эдийг бэлдэц хэлбэрээр захиалдаг. Энэ нь тогооч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөхөөс гадна эрүүл ахуйн шаардлага хангаж байна. Цахим худалдан авалтын дэлгүүр нь түүхий эдийг зориулалтын тээврийн хэрэгслээр, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан жолоочоор, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын сав баглаа боодолтойгоор хүргэдэг. Үүнд нь хоол зүйч анхан шатны үнэлгээ хийгээд, түүхий эдийг ангилж, зориулалтын агуулахад хадгалдаг. Илчлэг, шим тэжээлтэй хоол нь өртгөөс хамаарахгүй. Сургуулийн гал тогооны зохион байгуулалт чухал нөлөөтэй. Хүнсний бүтээгдэхүүний агуулахын аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг бүрдүүлж чадсан, эсэхээс ч хамаарна.
Мөн хүүхдүүд сургуулийнхаа гал тогоонд, эсвэл ангид хооллох нь ялгаатай. Ангидаа хооллох үед эрүүл ахуйн шаардлагыг хангаж чадахгүй. Харин сургуулийн гал тогооны зааланд хооллосны дараа хүүхдийн хэрэглэсэн аяга, тавгийг угаах автомат машин хэрэгтэй болно. Уг нь ийм төхөөрөмж манай сургуульд бий. Гэхдээ аяга, тавгийг хүлээж аваад автомашинд хийх, гаргах зэрэг нь хүний оролцоотой. Харамсалтай нь, энэ хэмжээний хүний нөөц манайд алга. Үүнээс шалтгаалаад ажилчдын цалин хөлсийг хөндөх хэрэгтэй. Аяга, таваг угаагч, бэлтгэгч нар сард 900 000 орчим төгрөгийн цалин авдаг. Уг нь 2000 хүүхдийн аяга, таваг угааж цэвэрлэж, нэлээд ачаалалтай ажиллаж байгаа шүү дээ. Ийм байхад рестораны угаагч, бэлтгэгч нар хэдэн төгрөгийн цалин авдаг билээ. Ресторанд ажиллаад сарын хоёр сая төгрөгийн цалин авч байхад сургуулийн гал тогоонд үлдэх хүн байхгүй шүү дээ. Аяга, тавгаа сайн угаагүйгээс эрүүл ахуйн стандарт алдагдана. Өөрөөр хэлбэл, түүхий эдийг зөөх, агуулах, бэлтгэх боловсруулах шатанд анхаарал хандуулахгүй бол үдийн хоолны зардлыг хэчнээн нэмээд ч хангалттай үр дүн гарахгүй.
-Монголчууд өмнө нь малын гаралтай мах, махан болон сүү, сүү бүтээгдэхүүн түгээмэл хэрэглэдэг байлаа. Тэгвэл одоо хооллолтын хэв маяг хэр өөрчлөгдсөн бол?
-Сүүлийн үед сүүний харшилтай хүүхдүүд их болжээ. Энэ нь сүүнд агуулагдах лактоз хэмээх нэгдлийг задалдаг лактаза ферментийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотой. Сүү уухад гүйлгэх, дотор муухайрах зэрэг сөрөг нөлөө бие махбодод илэрдэг. Хоол зүйчийн хувиар тайлбарлахад, аливаа хүнсийг хүүхдэд багаас нь тогтмол хэрэглүүлэхгүй бол хүлээж авах чадвар нь буурдаг. Иймд хүүхдэдээ үйлдвэрийн аргаар ариутгасан сүүг багаас нь тогтмол хэрэглүүлж дадах хэрэгтэй. Сүү нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс, тэр дундаа кальци агуулдаг учраас хүүхдийн өсөлт, хөгжил ясны бүтцэд шаардлагатай бүх шимт бодисыг агуулсан төгс хүнс юм.
-Уг нь сургуулийн ойр орчимд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон журам байдаг шүү дээ. Танай сургуулийнхан энэхүү журмын дагуу дэлгүүрүүдэд шаардлага тавьдаг уу?
-Сургуулийн ойр орчимд борлуулахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалт бий. Сургуулиас 150 орчим метрийн зайд эдгээр бүтээгдэхүүнийг худалдаж борлуулахыг хориглосон. Иймд сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүрүүдэд шаардлага тавьдаг. “Би энэ сургуулийн хоол зүйч нь юм. Энэ журмын дагуу сургуулийн ойр орчимд ийм бүтээгдэхүүн борлуулах нь хориотой” гэж хэлдэг. Тэд “Ойлголоо” гэж хариулсан хэрнээ л маргааш нь юу ч өөрчлөгддөггүй. Дүүргийн холбогдох байгууллагуудад энэ талаар ханддаг ч арга хэмжээ авсан, эсэх нь тодорхойгүй үлддэг. Сургуулийнхаа ойр орчимд биш ч хүүхдүүд хаанаас ч тэдгээр бүтээгдэхүүнийг худалдаад авч чадна. Тиймээс дэлгүүрүүдтэй тэмцэхээс илүүтэйгээр хүүхдүүдэд чихрийн агууламж өндөртэй бүтээдэхүүнийг яагаад хэрэглэж болохгүйг ойлгуулахыг зорьж ажилладаг. Хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд ч анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг. Тэд чихэр их агуулсан бүтээгдэхүүний савлагааг багасгаж, агууламжийг нь бууруулаасай.
Хоол зүйч нар хоол үйлдвэрлэл, тогооч нарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд шаардлага тавих, боловсруулах шатанд анхаардаг. Бас түгээлтийн явцад ч хүүхдүүд хоолоо сайн идэж байна уу, яагаад идээгүй вэ гээд байнга судалдаг. Бохир сав суулгыг яаж угаах талаар угаагчдаа зөвлөгөө өгнө. Ажлын цаг дуусахын өмнө өнөөдөр хэчнээн кг хоол үлдсэн бэ, яагаад ийм хэмжээнд үлдэв гэдэгт ч дүгнэлт хийдэг. Нэмээд эцэг, эхчүүд, хүүхдүүдэд хоол үйлдвэрлэлийн мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна. Би эмнэл зүйн чиглэлээр мэргэшсэн учраас чихрийн шижинтэй хүүхдийн асран хамгаалагчдад байнга зөвлөгөө өгдөг. Ер нь маш завгүй ажилладаг.
А.Тэмүүлэн