Мод үржүүлэх, ойжуулах, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 53 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлснээ Ойн газраас өчигдөр мэдээлэв. Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө сунгуулах тухай өргөдөл, баримт бичгээ өгөөгүй тул ийнхүү шийдвэрлэжээ. Мөн эл хуульд “Баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа ажлын 10 өдөр байна. Энэ хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдөл гаргаагүйд тооцно” хэмээн заасан аж. Эдгээр заалтыг зөрчсөн “Нандин намү”, “Гоо марал дөл”, “Эко грийн гол”, “Хурхнагжибур” зэрэг аж ахуйн нэгжийн мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх эрхийг түдгэлзүүлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгж нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, эрхээ сэргээлгэх тухай хүсэлт ирүүлэхгүй бол бүрмөсөн хүчингүй болгох гэнэ.
А.Тэлмэн