Монгол хэл, бичгийн үзэсгэлэн, арга хэмжээг энэ сарын 15-наас хоёрдугаар сарын 25 хүртэл Тайвань, БНСУ-ын Сөүл, Японы Токиод тус тус зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ нь гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэнд эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг таниулахад чиглэжээ. Уг үйл ажиллагааг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулж буй аж.
Арга хэмжээний хүрээнд маргааш 19.00 цагт “Монгол хэл, бичиг соёлын үнэт өв” сэдвээр МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, профессор Д.Заяабаатар илтгэл танилцуулна. Түүнчлэн “Монгол хэл бичгийн түүхэн сурвалж, дурсгал” сэдвээр АНУ-ын Вашингтон хот дахь Конгрессын номын сангийн мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ. Мөн Боловсролын ерөнхий газрын монгол хэл, бичгийн багшийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Хүрэлбаатар “Монгол хэл, бичиг ба технологийн хэрэглээ” сэдвээр илтгэл тавина.
Үзэсгэлэнгийн үеэр шалгаруулах монгол бичгээр уран бичих уралдааны бүтээлийг хоёрдугаар сарын 25 хүртэл хүлээн авах аж. Дээрх улсад амьдарч байгаа 18 хүртэлх насныхан бүтээлээ чөлөөт сэдвээр, үндэсний бичгээр зохиомжлон ирүүлэх бол насанд хүрэгчид Б.Ренчиний “Монгол хэл” шүлгийг цэвэр, сайхан бичих юм байна. Ангилал бүрд тэргүүн, дэд байр шалгаруулж, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулах бөгөөд уралдаанд ирүүлсэн нийт бүтээлээс эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэх гэнэ.
Энэ сарын 18-нд Тайваньд, хоёрдугаар сарын 23-нд Японы Токиод, хоёрдугаар сарын 25-нд БНСУ-ын Сөүлд “Монгол хэл, бичиг, бидний бахархал” өдөрлөг зохион байгуулна. Энэ үеэр үндэсний бичигтэй холбоотой сургалт явуулах ба бүтээлч ажил, хөгжөөнт тэмцээнүүд ч багтжээ. Өдөрлөгийг БНСУ, Япон дахь монгол хэл, соёлын төвүүдээр дамжуулан зохион байгуулж байна.
А. Дөлгөөнзул