Төрийн цахим үйлчилгээний “E-Mongolia” системийг ашиглан хилийн чанад дахь монгол иргэдийн цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах боломжийг судлан, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооныхон баталлаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг хэрхэн авч байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр “2024 оны сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй, сонгуулийн насны 187 мянган иргэнээс 75 хувь нь саналаа өгсөн. Эстони, Франц, Шинэ Зеланд, АНУ, Швейцар, Оман зэрэг 17 улс гадаадад байгаа иргэдээсээ цахимаар санал авдаг. Ингэхдээ санал авах байранд очих, эсвэл шуудангаар санал өгөх хэлбэрүүдтэй хослуулан хэрэглэж байна” гэв.
Үндэсний дата төвийн захирал М.Баттулга цахимаар санал авахдаа гадаадад байгаа иргэдээ хэрхэн таних вэ гэдэг шийдлийг олох нь хамгийн чухлыг байнгын хорооны хуралдааны үеэр онцолсон. Тэрбээр “Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн 816 төрлийн төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн. Гэхдээ гадаадад байгаа иргэдийг цахимаар хэрхэн таних вэ гэдэг шийдлийг олох шаардлагатай. Тиймээс гадаадад оршин суугаа иргэдийг таних олон шийдлийг нэвтрүүлсэн системийг холбогдох хуулиудад нийцүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээжээ.
Ч.Зул