Хүлэмжийн хийн ялгарал улсын хэмжээнд ямар түвшинд байгааг тодорхойлох судалгааг БОУАӨЯ-ны дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв болон МУИС хамтран хийхээр болжээ. Тэд хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг тодорхойлох суурь судалгааг хөгжүүлэх, байгаль орчны судалгаа шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлж, инновацын хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд анхаарах гэнэ. Мөн тогтвортой хөгжлийн боловсрол олгох сургалтын модуль хөгжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх аж.
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь өнгөрсөн онд Архангай, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг боловсруулсан юм байна. Хүлэмжийн хийн ялгарал өдгөө ямар түвшинд хүрээд буй талаарх судалгааны ажил сүүлийн үед хийгээгүй гэв. Тиймээс МУИС-ийн багш, судлаач нар хамтран ийнхүү суурь судалгааны ажлыг эхлүүлжээ.
А.Үүл