Өмнөд Солонгосын залуус тун загварлаг. Тэд загварын шинэ, содон хандлага, өвөрмөц хэв маягийг андахгүй бөгөөд сүүлийн үед хуучны, сонгодог загварын хүрэм рүү хошуурч байгаа гэнэ. Энэ нь Английн жүжигчин, Оскарын шагналт, дэлхийн хамгийн дур булаам эрсийн нэг гэгддэг Колин Фертийн “Kingsman: The Secret Service” (Нууц алба) хэмээх кинондоо өмссөн хүрэмнээс болжээ.
“Чосун Ильбо” сонины цахим хуудсанд мэдээлснээр Фертийн хүрмийг оёсон Лондоны “Savile Row” дэлгүүрт түрүү оны хоёрдугаар сарынхтай харьцуулахад энэ жил сонгодог загварын хүрэмний захиалга 64 хувиар нэмэгдсэний тэн хагас нь Өмнөд Солонгосын хэрэглэгчдийнх гэнэ. Харин тус улсын хамгийн том цахим худалдааны сайтад ийм загварын хүрэмний худалдаа өмнөх оныхоос 34 хувиар өссөн байна.
“Kingsman: The Secret Service” кино өнгөрсөн сараас Өмнөд Солонгост гарч эхэлсэн аж. Энэ нь тус улсын кино салбарын түүхэн дэх хамгийн их ашиг олсон гадаадын 18 киноны нэг болжээ.