Хурууны хээ үлдсэн гадаргууд хүрэхгүйгээр тухай хээг тодруулах боломжтой шинэ төхөөрөмж бүтээснээ Японы судлаачид мэдэгдлээ.
“Forensic Hyperspectral Imager" гэх уг төхөөрөмжийг Японы Васэда их сургуулийн судлаачдын баг Цагдаагийн шинжлэх ухааны үндэсний судалгааны хүрээлэн болон хувийн нэгэн компанитай хамтран зохион бүтээжээ.
Энэ төхөөрөмж нь тусгай ногоон лазерын туяаг ашиглан нэг минутын дотор хурууны хээг цуглуулж, өөх тос болон уургийн толбыг илрүүлэх боломжтой аж.
Гадаргуу дээр нарийн ширхэгтэй нунтаг эсвэл шингэн зүйл асгах уламжлалт аргыг хэрэглэснээр давхардсан хурууны хээг таньж ялгах бараг боломжгүй байдаг юм. Мөрдөн шинжээчид эд мөрийн баримтыг гэмтээн устгаж мэдэх эрсдэлтэй байдаг билээ.
Тэгвэл судлаачдын хэлснээр, энэ шинэ төхөөрөмж давхардсан хурууны хээг 70 хувь ялгаж чадах байжээ.
Судлаачид шинэ төхөөрөмжөө илүү боловсронгуй болгож, үйлдвэрлэх өртгийг нь бууруулснаар хоёр жилийн дараа гэхэд практикт нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.