Америкийн телевизийн CNN суваг дэлхийн том эдийн засагтай 12 улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын цалинг олон түмний сонорт хүргэсэн байна. Том эдийн засаг гэдэгт гол нь ДНБ-ийг харгалзаж буй бөгөөд 12 улсад энэ удаа Австралийг оруулалгүй ӨАБНУ-ыг багтаажээ. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Италийн Ерөнхий сайдаас хоёр дахин их цалин авдгийг, дэлхийн нэг том эдийн засгийн тэргүүн Си Зиньпин Францын “С” зэрэглэлийн түшмэлтэй ижил хэмжээний цалинтай болохыг эндээс мэдэж болно.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 2012 онд энэ албыг хаших болсноосоо хойш жилд 179 мянган еврогийн цалин авах болжээ. Энэ нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийнхаас (191 мянган евро) арай бага, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийх (128 мянган евро)-ээс нэлээд их байна. Энэ үзүүлэлтээр төрийн тэргүүнүүд дундаа долоод орж байгаа юм. Уг үзүүлэлтэд улстөрчдийн цалингаас гадуурх орлогыг оруулаагүй аж. Барак Обама дэлхийн хамгийн том эдийн засгийг тэргүүлж байгаа ч жилд ердөө 376.800 еврогийн цалин авдаг бол Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлуны цалин 1.3 сая евро (2012 оноос) аж. Дэлхийн томоохон үйлдвэрүүдийн захирлынхтай харьцуулбал Обамагийн цалин инээд хүрэм.
CNN-ийн шалгаруулалтад багтсан 12 улсын удирдагчдын цалин 27.000-376.800 еврогийн хооронд байгаа бол зарим компанийн захирал хэдэн сая еврогоор хэмжигдэх цалин авна. Тухайлбал “The Wall street journal”-д бичсэнээр АНУ-д тэдний нэг нь 2013 онд 7.6 сая евро авсан байх жишээтэй. “Centry fox”-ын магнат Руперт Мердок Ерөнхийлөгчөөсөө долоон сая еврогоор илүү цалин авдаг. Түүний данс жилд 24.4 сая еврогоор зузаарч байдаг байна. “Publicis”-ийн ерөнхийлөгч Морис Леви цалингаараа Францад тэрг үүлдэг бөгөөд 2013 онд 4.5 сая евро авсан нь Франсуа Олландынхаас 25 дахин их гэсэн үг. Баримтаас үзэхэд Умард Америкт Баруун Европоос илүү цалин өгдөг аж. Барак Обамагийн дараа Канадын Ерөнхий сайд Стивен Харпер орно.
Тэрбээр жилд 244.900 еврогийн цалинтай. Гэтэл CNN-ий энэ жагсаалтад ороогүй ч Австралийн Ерөнхий сайд Тони Эбботтын цалин (360.400 евро) түүнийхээс илүү аж. Хэрэв Мексик улс дэлхийн тэргүүлэх эдийн засгийн тоонд орсон бол түүний Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето жилд авдаг 180 мянган еврогоороо Шинзо Абэ, Франсуа Олланд хоёрын дундуур орж долдугаарт жагсах байв. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель 12 дотроо гурав, европчуудаас тэргүүн байрт орж байна. Тэрбээр 2012 оны гуравдугаар сараас Засгийн газрын тэргүүний хувьд сард 17.016, жилд 216 мянган евро авдаг юм байна. Их Британийн Ерөнхий сайдынх нь хувьд Дэвид Кэмеронд жилд 106.800 евро өгдөг, дээр нь Парламентын гишүүнийх нэмэгдээд 201.600 евро болдог аж.
Франсуа Олланд 2012 онд Ерөнхийлөгч болоод цалингаа 30 хувиар хорогдуулжээ. Ингээгүй бол 179.000 биш, 255.600 евро авч Обамагийн дараа хоёрт орох байв. Владимир Путин ч бас цалингаа 10 хувиар бууруулан 128.300 евро болгосон байна. Италийн Ерөнхий сайд Маттео Ренци 117.400 буюу Ангела Меркелиэс 100 мянган еврогоор багыг авдаг аж. ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума 210.600 еврогийн цалингаар дөрөвт орж байна. Тэгвэл Хятадын Си Зиньпин жилд ердөө 20.000 евро авдаг гэнэ. Энэ оны эхээр цалинг нь 62 хувиар нэмэгдүүллээ ч тэрбээр сард 1581 еврогийн цалин авдаг юм байна. Тэгэхдээ түүний хөрөнгийн бодит хэмжээг хэн ч мэдэхгүй. 2012 онд Америкийн “Bloomberg” сайтад бичиж байснаар бол түүний гэр бүлийн хэд хэдэн гишүүн нь томоохон үйлдвэрүүдийн багагүй хувьцааг эзэмшдэг юм билээ.
Р.ЖАРГАЛАНТ