“Нисванис” хамтлагийн зохион байгуулдаг “Нис нис” наадам ирэх сарын 9-нд “Нортланд фанкшн хаус”-т болох нь. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Л.ЭнхАмгалангаас утсаар тодрууллаа.
-Сайн байна уу. “Нис нис” наадмын талаар лавлах гэсэн юм. Та хаана, юу хийж явна вэ?
-Манай хамтлаг 17.00 цагт бэлтгэлээ эхлэх тул удахгүй гэрээсээ гарах гэж байна.
-Энэ удаагийн тоглолтод танайх шинэ цомгийнхоо дуунуудыг толилуулна гэсэн үү?
-Тийм ээ. “Нисванис” дахин төрж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, анх 1999 онд “Хүчил төрөгч”, 2002 онд “Саарал үе”, 2006 онд “Нисдэг таваг” цомгоо хэвлүүлснээс хойш есөн жилийн дараа дөрөв дэхийг нь гаргах гэж байна. Энэ тоглолтод цомгийнхоо 11 дууг сонордуулахаас гадна олны дуртай хуучны бүтээл үүдээсээ тоглоно.
-Цомог нь хэзээ худалдаанд гарах вэ. Нэрийг нь хэлнэ үү?
-Тавдугаар сарын эхээр сонсогчдын гарт очих байх. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлахад санаа зовмоор, ёс бус нэртэй учраас хэлмээргүй байна.
-Нэрнээс нь санаа зовж байгаа хэрнээ яагаад өгсөн юм бэ. Нэлээд хүнд төрлийн бүтээлүүд багтсан бололтой?
-Цомгоо “Сэтгэл хөдөлнө” дуугаараа нэрлэх гэж байгаад больсон. Хүнд дуунуудтай гэж хэлж болно. Бүтээлүүдийн сэдэв нэртэйгээ холбоотой. Яг ямар утга учиртайг нь одоохондоо нууцалмаар байна. Модернист яруу найрагч Б.Галсансүх бид хоёр шүлгүүдийг нь бичсэн. Хүмүүс сонссоныхоо дараа л “Аан, ийм утга учиртай болоод л ингэж нэрлэсэн байх нь” гэж ойлгох байх.
-“Нис нис” наадамд ямар хамтлагууд оролцох вэ?
-“Метроном”, “Лемонс”, “Тайгер фиш”, “Хос сүх”, “Моханик” зэрэг энэ жил уран бүтээлээ идэвхтэй хийж байгаа чадварлаг уран бүтээлчид болон шинэ хамтлагийг дэмжих зорилгоор “Рек он”, “Аравт”, “Сайлент скрийм” зэргийг сонгосон.
Б.ДӨЛГӨӨН