Олон улсын театрын институтийн санаачилгаар 1961 оноос хойш дэлхий даяар Дэлхийн театрын өдрийг тэмдэглэх болсон билээ. Алдартай театрууд энэ өдрөөр хүндэтгэлийн тоглолт хийж, уран бүтээлчдээ улаан хивсэн дээгүүр алхуулдаг бол Монголын драмын жүжигчид нэг хэсэг “Гэгээн Муза” наадамд нэгддэг байлаа. Харин өнгөрсөн жилээс “Гэгээн Муза”-г тавдугаар сард зохион байгуулах болсноор энэ уламжлал тасарсан.
Тэгвэл Дуурь бүжгийн эрдмийн театрынхан энэ өдрийг тохиолдуулан “Балетийн үдэш” тоглолт хийхээр болжээ. Дэлхийн театрын өдрөөр олон улсын театрын хүрээлэн уриалга гаргаж түүнийгээ дэлхийн театрын өдрийн түлхүүр үг хэмээн алдаршуулдаг юм. Хамгийн анхны дэлхийн театрын түлхүүр үгийг Францын иргэн Жан Кокто 1962 онд бичжээ. Түүнээс хойш жил бүр хэн нэгэн алдартан олон улсын эв нэгдэл , төгс төгөлдөр харилцан ойлголцлын талаар өөрийн бодол , сэтгэлээ хуваалцаж уриалга бичих болжээ. Эл түлхүүр үгийг 20 гаруй хэлээр орчуулж театрууд тоглолтынхоо өмнө уншиж үзэгчдэд түгээдэг уламжлалтай. ДБЭТ-ынхан энэ жил олон улсын театрын хүрээлэнгийн уриалгыг балетийн гайхамшигт тоглолтынхоо өмнө толилуулна.