Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох халамжийн шинэчлэлийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг дээшлүүлэх, ур чадвар олгох сургалт эхэллээ. Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Үр дүнтэй нийгмийн халамжийн системийн чадавх бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, АХБ-ны Нийгмийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Карин Шелзиг нар сургалтыг нээсэн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар“Нийгмийн халамжийн ажилтнуудыг чадавхжуулах сургагч багш бэлтгэх гурван өдрийн танхимын сургалтад идэвхтэй оролцож, нийгмийн халамжийн ажил мэргэжилтэй холбоотой сэтгэл зүйн хүндрэл бэрхшээлийг даван туулах, ажлыг төлөвлөх, үр дүнтэй зохион байгуулах чадвараас суралцаж эндээс сурсан мэдсэнээ ажлын байрандаа хэрэгжүүлээрэй” гэв. Мөн тэрбээр сургалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа АХБ-ны Нийгмийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Карин Шелзиг болон багийн нийт гишүүдэд талархал илэрхийллээ.
Азийн Хөгжлийн банкны “Үр дүнтэй нийгмийн халамжийн системийн чадавх бэхжүүлэх” төсөл нь нийгмийн халамжийн бодлого боловсруулагчид, Нийгмийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, бодлогын судалгаа, бодлогын яриа хэлэлцүүлэг хийх, нөлөөллийн ажлыг дэмжих, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг оновчтой хэрэгжүүлэх, түүний хяналт үнэлгээг бэхжүүлэх гэсэн 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Төслийн 1 дүгээр бүрэлдэхүүн хэсгийн төлөвлөгөөний дагуу дээрх сургалтыг зохион байгуулж буй.
“Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах сурагч багш бэлтгэх эл сургалт”-ыг хоёр үе шаттай зохион байгуулах юм. Энэ удаагийн сургалтад хамрагдсан сургагч багш энэ ондоо багтааж сум, хороо бүрээс нийгмийн халамжийн 1 мэргэжилтэн, амьжиргаа дэмжих зөвлөлийн 1 гишүүн нийт 1020 хүнийг сургалтад хамруулж, чадавхжуулна. Сургалтад нийслэл, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн газар, сум, хорооны 50 гаруй нийгмийн халамжийн мэргэжилтнүүд оролцож байна.