Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй, ажил хийсэн, эсэх нь тодорхойгүй газартай болжээ. Энэ нь манай улсад анх удаа байгуулсан, эмийн хяналт, зохицуулалт хийх бие даасан байгууллага гэдгээрээ онцлогтой. Ийм том амбицтайгаар бий болсон агентлаг үйл ажиллагаа явуулаад есөн сарын нүүр үзлээ. Гэтэл усанд хаясан чулуу шиг таг чиг байсаар өнөөдөртэй золгов.
Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны 222 дугаар тогтоолоор эл агентлагийг байгуулах шийдвэр гаргасан. Харин үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь энэ оны хоёрдугаар сар. “Ковид-19” цар тахал дотоодод өргөн хүрээнд тархсан үед уг газрыг байгуулжээ. “Будаг нь ханхалсан” шинэхэн байгууллага “ид шид”-ээ үзүүлж болохоор цаг үед үйл ажиллагаагаа эхэлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шийдэх, зохицуулах түмэн асуудал тус байгууллагынхныг угтсан атал дорвитой шийдэлгүй, харин ч дордуулах маягтай байсаар өдий хүрэв.
“Иргэн бүрийг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангаж, амьдралын чанарыг нь сайжруулах” гэж тус байгууллагынхан эрхэм зорилгоо тодорхойлсон байна. Үүний хүрээнд зах зээлийн тандалт, судалгаа тогтмол хийж, хуурамч эмийг худалдаанаас эргүүлэн татах, эмийн зар сурталчилгааг хянах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэргийг гүйцэтгэх үүрэгтэй гэнэ. Ингэснээр эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ буурч, чанар сайжирна гэдгийг тус байгууллагаас удаа дараа мэдээлж ирсэн, уг нь. Гэтэл эмийн үнэ бууруулж, чанарыг сайжруулах нь битгий хэл нөөц, хангамжийг нь ч тогтвортой байлгахад анхаарч чадсангүй.
Агентлаг байгуулахаас өмнөхөн тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий, 4-5 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс ЭМЯ-нд бий. Тэд улсын хэмжээнд оруулж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн хөөрөгдлийг хянаж дийлэхгүй” гэж байв. Ингээд Засгийн газраас шинэ агентлаг байгуулахдаа бүтцийг нь 80 хүний орон тоотой байхаар баталсан. Ийнхүү уг байгууллага нь өмнөх бүтцээсээ 20 дахин данхайсан. Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь өдгөө Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны, Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын, Эм хангамжийн, Чанарын хяналтын, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн, Захиргаа, удирдлагын гэсэн газартай. Мөн Эмийн бүртгэлийн, Эмийн үйлдвэрлэлийн хэлтэс болон Эм шинжлэх лаборатори гэсэн бүрэлдэхүүнтэй. Өмнө нь ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг олон газарт тус тусдаа байсан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл, эмийн бүртгэл, зар сурталчилгааны зөвшөөрөл, импорт, экспортын лиценз, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга зэрэг чиг үүргийг нэг доор төвлөрүүлээд байгаа юм.
Эл агентлагийг байгуулах үеэр УИХ-ын зарим гишүүн “Манай улсын зах зээлд борлуулж байгаа нийт эмийн гуравны нэг нь хуурамч, зөвшөөрөлгүй байна” хэмээн онцолсон. Тиймээс уг асуудлыг шийдэх гарц нь шинэ газар байгуулах гэж тодотгож байсан билээ. Гэтэл цар тахлын улмаас БНХАУ Эрээний боомтоо хааснаас хойш эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хомсдож, зарим нь “тасарсан”. “Ковид-19”-ийн буюу гамшгийн үед нөхцөл байдал хаашаа ч эргэж болох атал тус байгууллагынхан урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Гамшгийн үеийн нөөц бүрдүүлээгүй байж. Тэгсэн хэрнээ “Урд хөрш хилээ хааснаас л боллоо” гэж аль аль шатандаа өөрсдийгөө өмөөрч сууна. Эм, эмнэлгийн хэрэгсэл өдгөө ч дутагдсаар буй атал тус байгууллагаас өчигдрийн байдлаар улсын хэмжээнд актовегин гэх нэртэй, тархины цусан хангамж сайжруулах ганцхан эм “тасарсан” гэсэн мэдээлэл өглөө. Мөн эрүүл мэндийн байгууллагууд 14 хоногоос хоёр сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй гэж мэдээлэв. Гэтэл бодит байдалд эмнэлгүүд, зарим лаборатори урвалжгүйн улмаас цусны шинжилгээ ч хийж чадахгүйд хүрснийг юу гэж ойлгох вэ. Тус байгууллага зах зээлийн болон нөөц, хангамжийн судалгааг хангалттай хийж чадахгүй байгаа хэрэг биш гэж үү.
Агентлаг байгуулах үеэр яригдаж байсан бас нэг “мөрөөдөл”-ийг эргэн сануулъя. Тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Агентлаг нээх нь зөв гэж үзэж байна. Эм, эмнэлгийг тойрсон асуудлууд их эмзэг сэдэв байдаг. Судалгаагаар эмийн хилээр орж ирсэн үнийг 68 хувиар нэмж зардаг. Манай улсад борлуулж буй эмийн өртгийг ДЭМБ-ын жишиг үнэтэй харьцуулахад 5-6 дахин өндөр. Тиймээс эмийн үнийг дураараа тогтоодог асуудлыг цэгцлэхгүй бол үндсэндээ зэрлэг капитализм боллоо. Тиймээс энэ чиглэлээр ажиллах агентлаг байгуулахгүй бол олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирно” гэж байв.
Мөн “Ковид-19”-ийн үеийн онцгой байдлын үед эрүүл мэндийн үйлчилгээг асуудалгүй байлгах үүднээс энэхүү агентлаг ажиллаж байгаа. Гэвч мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар дүүрэг болон орон нутгуудын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийг эм болон бусад тариагаа өөрөө авахыг шаарддаг нь тогтоогдсон. Мөн улсын эмнэлгийн эмч нар үзлэг хийсэн хүндээ өндөр үнэтэй эм зөвлөж байна. Түүнчлэн ганцхан тэр эмийн санд л байгаа, заавал тэндээс очиж аваарай гэх мэтээр үгсэн хуйвалдаж, тохиролцож, үнэтэй эм “шахах” зэрэг асуудал үүсэж байна” гэж Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долдугаар сарын 21-нд тус газарт ажиллахдаа хэлж байв. Гэтэл түүнээс хойш уг байгууллага дээр дурдсан асуудлыг шийдсэн, үгүй нь тодорхойгүй. Бас буруутай этгээдүүдэд хариуцсан тооцсон, эсэх нь ч мэдэгдэхгүй байна. Үүнээс гадна тус байгууллагын хүний нөөцөд ч хэд хэдэн асуудал байдаг. Жишээ нь, өмнө нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллаж байхдаа эмийн хяналтын дүгнэлтийг өөрчилж, хуурамчаар гаргасан хэрэгт холбогдон, АТГ-т шалгуулж байсан нэг бус албан тушаалтныг хувийн байгууллагаас уг агентлагт шилжүүлэн авсан тохиолдол ч бий юм.
Харин тус байгууллагаас “Ковид-19”-ийн эмчилгээнд хэрэглэж буй, вирусийн эсрэг эмүүдийг худалдах үнийн дээд хязгаарыг тогтоосон. Түүнчлэн манай улсад ашиглахыг зөвшөөрсөн, баталгаажуулсан, коронавирусийн түргэвчилсэн оношлууруудын үнийн дээд хязгаарыг ч тогтоосон байдаг. Ийнхүү тог тоосон нь сайн хэрэг. Харамсалтай нь, уг үнийг мөрдөж буй, эсэхэд хяналт төдийлөн тавьдаггүй гэхэд болно. Жишээ нь, дээд үнэ нь 18 000 төгрөг байхаар тогтоосон оношлуурыг эмийн сангуудад 20 000-аар борлуулах нь хэвийн үзэгдэл. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар тодруулахад “Манай байгууллагад утсаар мэдэгдэж болно” гэх жишээтэй. Түүнчлэн коронавирусийн түргэвчилсэн шинжилгээг бизнес болгож, оношлуураас нь хэд дахин өндөр үнээр иргэдэд үйлчилдэг хувийн эмнэлэг, лабораториудыг хяналт шалгалтад хамруулдаг, эсэхийг тодруулахад “Манай агентлагийн хувьд эмийн сангуудад зөвшөөрөгдсөн оношлуур борлуулж буй, эсэхийг шалгаж байна. Харин лабораториудын тухайд Эрүүл мэндийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран шалгах төлөвлөгөөтэй” гэж байв. Энэ мэтээр алгуурласаар байтал цар тахлын үед эмийн үнэ, бусад асуудал тус газрынханд “гүйцэгдэхээргүй” болох нь.
Бэлтгэсэн М.Оч