Зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн ер бусын орчин байдаг. Амьдрал, нийгмийн тухай бодол, үзэл, дурсамж, хүсэл, мөрөөдөл, шинэ санаа, бүтэшгүй, магадгүй хэзээ ч хүршгүй оргил, эс бөгөөс уйтгар, гуниг, харуусал, гашуудлыг ч тэд бийрээр дурайлгадаг. Үнэн хэрэгтээ оюун бодол, сэтгэл, сэтгэлгээгээ ур чадвараараа илэрхийлдэг. Зураач Б.Хонгорзул “Art of Ub” галерейд шинэ бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгээд буй юм. Гэгээлэг, тунгалаг өнгөнөөс нь хайр мэдрэгддэг. Реалист дүрслэлээр энгийн амьдралын тухай хүүрнэх мэт авч бүтээл бүр нь ямар нэгэн санаа агуулсан байдаг тул бодох, тайлах хэрэгтэй болдог нь түүнийг сэтгэлгээний агуулгатай бүтээлүүд төрүүлдэг зураач гэж дүгнэхэд хүргэдэг. Жирийн шавар ваарууд зурсан мэт байх ч тэдгээр нь эрэгтэй, эмэгтэй, гоолиг, бүдүүн, эрх зоргоор, үгүй бол тун хайнга гэх зэргийн араншинтай найзууд эгнэн зогсоод зургаа даруулсан мэт сэтгэгдэл төрүүлэх нь өвөрмөц.
Б.Хонгорзул уран бүтээлийн бие даасан 10 дахь үзэсгэлэнгээ ийнхүү толилуулж байна. Тэрбээр өмнө нь бусад уран бүтээлчтэй хамтарсан 40-өөд үзэсгэлэнд зургаа танилцуулж байсан. Энэ удаагийн “Амор” буюу “Хайр” хэмээн нэрлэсэн үзэсгэлэнгээс нь түүний “Аниргүйн чимээ” бүтээлийг онцоллоо. “Art of Ub” галерей нь “Чойжин сюит” өргөөд байрладаг. 1990 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1995 онд Бээжин дэх Бүх Хятадын Дүрслэх урлагийн төв академийг монументаль чимэглэл, уран зураач мэргэжлээр төгссөн тэрбээр энэ цаг үед бүтээлүүдээрээ чухам юу хэлэх гэсэн нь тун сонирхолтой.
Бэлтгэсэн Р.Оюунаа