“Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх үндэсний ялагч Анугийн Бөртэ-Үжин оролцохоор тодорсон. Энэ удаагийн "Дэлхийн мисс" тэмцээн арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Пуэрто Рико арлын нийслэл Сан Хуан-д “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд 123 улсын үзэсгэлэнт бүсгүйчүүд өрсөлдөх юм.
А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн. Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. Тэрбээр мэргэжлийн уран нугараач тул дэлхийн олон улсад уригдаж, аялан тоглолтуудыг хийж байжээ.
Монгол Улс 2005 оноос албан ёсоор "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож эхэлсэн. Улмаар жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж, тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн. Миссүүдийн гаргасан амжилтуудаас дурдвал Мисс А.Сарнай шилдэг 25 мисс, Мисс А.Баярцэцэг шилдэг 11 мисс, Мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон.
Харин 2018 оны Мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч дэлхийн тайзан дээр соёлоо сурталчилсан бөгөөд түүний Сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж 100 мянган юанийн хандив өргөсөн байна.
"Дэлхийн мисс" тэмцээн нь 1951 оноос хойш 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйг нэрлэсэн олон улсын арга хэмжээ юм. Тус тэмцээний зорилго нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжихэд оршдог бөгөөд оролцогч миссүүдийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн төслүүд нь тухайн нийгмийн тулгамдсан асуудлуудад гарц, шийдэл, дэмжлэг болж байдаг. Дэлхийн миссийн финалийн тэмцээн нь телевизээр шууд дамжуулагддаг бөгөөд 2 тэрбум гаруй хүн үздэг.
Бэлтгэсэн Б.Содгэрэл