Манай орны нутаг дэвсгэрийн 72 хувь цөлжсөн, уулын мод хяргахаа больё, гол усны эхийг хамгаалъя, сүргийн бүтэц дэх ямааны тоо толгойг цөөрүүлье гэж улиг болтол ярьж, хурал зөвлөгөөн хийж, төр, засгийнхныг болон олон нийтийг сэнхрүүлэх гэж оролдож байхын оронд гэрэл зурагчин Б.Эрдэнбулганы “Мөр” хэмээх энэхүү бүтээлийг харуулахад л болохоор санагдав. Хуурайшиж, хагарсан газарт хүний мөр одоохондоо гарч байна. Харин хэдэн арваны дараа экологийн тэнцвэрт байдал ихээхэн хэмжээгээр алдагдсанаас хуурайшилт дэлхийг бүрхэж, явах хүнгүй болох вий гэсэн санаа дэвшүүлжээ гэлтэй.
Хөвсгөл нуурын гүнд живсэн машин хэдэн зуугаараа байдаг гэдэг. Бараг жил бүр нуурыг цэвэрлэнэ, ёроолд нь буй бүх төрлийн хогийг гаргана гэх зэргээр ярьдаг. Яг хаана нь ямар овортой юу байгааг өдгөө эрхбиш тогтоосон байдаг биз. Гэхдээ л гэрэл зурагчин Б.Эрдэнбулган нуурын дээгүүр дрон нисгээд л живсэн хөлгийн зургийг дарж, байршлыг тогтоожээ.
Байгалийн гэрэл зурагчид харах өнцгөө өөрчилжээ. Тэд олон жилийн турш эх орныхоо өнцөг булан бүрт хүрч байгалийн үзэсгэлэн, өвөрмөц тогтоц, ахуй, амьдрал, дөрвөн улирлын эрс тэс өнгийг тольдон буулгаж, үзсэн хүн сүүрс алдам бүтээлүүд харуулсаар ирсэн. Гэтэл өдгөө тэд оюун, мэлмий, дуран хэрэгслээрээ асуудал, хөндөх сэдвийн голд хатгаж байдаг болжээ. Угаас гэрэл зураг хэмээх урлагийн мөн чанар ийм байх. Гэхдээ манай улсын бидний мэдэх, байгалийн гэрэл зурагчид хэмээн тодотгодог уран бүтээлчид саяхныг болтол дээр дурдсанчлан байгаль, орчин, өнгө, хүмүүс гэсэн чиглэлээр үзэгч, гэрэл зураг сонирхогчдын таашаалд нийцсэн бүтээл үзүүлж ирсэн нь үнэн билээ.
ХААН банкны галерейд Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийнхэн “Харах өнцөг” хамтарсан үзэсгэлэн нээгээд буй. Энэ төрлийн гэрэл зурагчдын дунд хамгийн туршлагатай Д.Октябрь тэргүүтэй Б.Баяр, Г.Ган-Өлзмий, С.Нацагдорж, Б.Эрдэнэбулган, Ш.Төмөрсүх, Т.Рэгзэн, Э.Ганбаяр, Ч.Итгэл гэсэн есөн уран бүтээлчийн хараа булааж, сэтгэл татам гэрэл зургуудыг заавал очиж үзээрэй. Нэгийг бодож, хоёрыг тунгаах буй заа.
Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Баяртай уулзаж ажил, байдлынх нь талаар мэдээлэл авсан юм. Хоббидоо хөтлөгдөн жилийн дөрвөн улиралд хөдөөгүүр аялж, байгалийн үзэсгэлэн, амгалан, ой тайга, тал хээр, говь, хангайн алинд ч сэтгэл алдарч явдаг гэрэл зурагчид нэгдэн, нийлж, үйл ажиллагаагаа албажуулъя гэснээр түрүү жил нийгэмлэг байгуулсан юм байна. Одоогоор есүүл ч, элсэе, нэгдэе гэсэн уран бүтээлчдэд үүд хаалга нь нээлттэй гэнэ. Цар тахлын улмаас хэн, хэн нь тус тусдаа ажиллаж, хааяа алсын зайнаас ажлаа ярьсаар байсан тэд анхны үзэсгэлэнгээ олон нийтэд зориулан гаргаж буй нь энэ. Тэрбээр “Нийгэмлэг байгуулсан зорилго гэвэл олон зүйл ярихаар байна. Гэрэл зургаар эх орныхоо тухай мэдээллийг монголчууддаа хүргэх, мөн аялал жуулчлалын хэтийн ач холбогдлыг нь бодож нэгдэж ажиллахаар болсон. Байгууллага болсноор гадаадын түншүүдтэй хамтарч ажиллах гарцууд нээгдэж байна. Бидний бүтээлийн түрүүч Дубайд хүрсэн. Чамлах юм биш. Цаашид хийх ажил олон байна. Гэрэл зураг сонирхогчдод богино хугацааны сургалт явуулж эхэлсэн маань эко аялал сурталчилж эхэлсэнтэй холбоотой. Байгалиа хамгаалангаа аялах нь өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна. Энэ талд нэлээд түлхүү ажиллана” хэмээлээ.
Гэрэл зургийг гоё гэж харах нэг хэрэг. Түүгээр дамжуулж буй мэдээлэл, асуудал, түүний цаадах шийдэл хэчнээн чухал юм бэ.
Бэлтгэсэн Р.Оюунаа