Сэтгүүлч, зохиолч Н.Туяагийн уран бүтээлээс хүргэе. Түүний өгүүллэгийн “Хөвөн хад” номыг ариутган шүүсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын доктор, дуун хөрвүүлэгч, сэтгүүлч Г.Аким бүтээлүүдийнх нь талаар сэтгэгдлээ “Хүн мөсийг түншихүйд” хэмээн тун товчоор илэрхийлжээ. Утга зохиол, орчуулах эрдмийн мастер тэрбээр чухам яагаад ийнхүү дүгнэсэн юм бол. Зохиолчийн өгүүллэгүүдээс “Чадуу ээж”, “Хөвөн хад” хоёрыг нь онцоллоо.
Чадуу ээж
Ээж нь хүүгийнхээ малгайг хоёр гардан дээш тавиад өргөн магнай, өндөр хамар, элбэг гэдэстэй бурхан чихийг хайрлан харж сууснаа санчигт нь ганц цагаан үс гялтганахыг үзээд “Бундаатайгаа барьцах нь уу дээ, байтлаа” гэж бодов.
-Даргын эхнэр сайн биз дээ?
-Ямар дарга?
-Яагаав ээ, Саямандах даргын сайхан хүүхэн.
-Ээж нээрээн, даваадуулна шүү. Амараа сайн, сайн.
-Овоо утсаар ярьдаг сан, залгах нь холдоод л, манийгаа мартаж байх шиг?
-Чих нь юм дуулахаа л болиод байна.
-Өнөө тухлаад хэвтчихдэг гонзгой шар байгаа биз?
-Хэ хэ, сонсголын аппарат уу. Зүүж л байгаа. Гэрээс ч гарахгүй юм. Хүүхдүүд гадагшаа явснаас хойш ганцаардаад байгаа юм уу, ууртай дүнсгэр хүн л байна.
-Аргагүй, аргагүй. Эр нь гэрийн бараа харах биш.
-Ээж ээ, ажил их шүү дээ.
-Тийм ээ, айхтар ажил. Энд би чамайг санаж бэтгэрээд, тэнд бэр минь чамайг дагаж элэгдээд, эм амьтас ч ийм л заяатай юм биз.
-Би ингээд л хүрээд ирж байна шүү дээ. Харин Амараа бид хоёр нэг л бүтэхгүй болоод байна. Хорин жилийн өмнө хүү нь уран сүмбэн, бүжиглэдэг охины араас өдөр шөнөгүй явсаар, гэртээ дагуулан ирж билээ. Хүүгээ тэр охины өмнө царайчлангуй, үргэлж л аргадан гуйхад заримдаа дургүйлхдэг ч эцгийнхээ уйгагүй туйлбартай занг өвлөснийг зөвтгөн тооно.
Гэтэл одоо хүү нь эхнэрийнхээ тухай тоомжиргүй ярихыг сонсоод, ханхай байшинд элгээ тэврэн суугаа бэрээ өрөвдөв. Ханиа алдаад өмөрч, үйрч явсан 38 насаа дурсав. “Тэгэхэд л би гэрэл рүү хүчлэн зүтгээгүй бол хагацлын харанхуйд үүрд үлдэх байсан. Амьдын хагацал үүнээс хэцүү. Арай энэ хоёр минь эвлэхгүй холдож байгаа юм биш байгаа…”.
Сарын дараа амралтын нэг өдөр Бундаа хүүгийндээ гэнэтхэн айлчлав. Хаа холоос хэлж дуулгалгүй ээжийгээ зорин ирсэнд хүү, бэр хоёр баяртай ч, нэг л сэрэмжтэй байгаа нь эх хүний гярхай нүднээс хаа холдох. Хөндлөнгийн хүнд бол тохилог гэр орон, найртай төлөв хос, тэгширсэн амьдрал. Бундаа энд долоо хонов. Бэр, хүүд нь цайны дээж аягалах боловч ширээн дээр цалгиулан орхино. Хоорондоо жижүүрийн хэдэн үг солихоос хэтрэхгүй. Мөнгө тусдаа, ор тусдаа. Хэдэн жилийн өмнөх гэр бүлийн зурган дээрх зөөлөн харц, зүггүй инээмсэглэл үргэн оджээ.
“Амьдралын гал аажимдаа илч нь буурч, хэсүүл салхинаас хамаатай болдог юм шиг. Хэн хэн нь хичээвэл хамтдаа юу алзах. Жавар хургасан энэ айлд жаахан цучил асаачихвал л…”
-Бундаа нь танайд өвөлждөг юм уу. Утаа угааргүй тавтай юм. Та нар ч надад зовохгүй амар.
-Болох юм уу, дүү нар яах бол?
-Бага юм гээд тэдэнд бараа болж зөндөө л удлаа. Том хүүгээ санах юм байна шүү дээ.
-Надад ханьтай байх нь.
Ээж, хүү хоёр Амараагийн ингэж хэлэхийг л хүлээж байлаа. Өвлийн гурван сар ингэж эхлэв.
Өглөөд үсээ толийтол самнаж, өнгөлөг хувцасласан хадам ээжээсээ бэр нь жийрхдэг байснаа аажмаар зүс царайгаа тольдох нь олшров. Өдөрт хоёул эгч дүүс шиг инээлдэн хууч хөөрч, биеэ чагнаж өвчин ярихаа аядав. Буйданд шигдээд зурагт ширтдэгээ больж, болзоонд татгалзалгүй нөхрөө сугадан явжээ.
-Миний хүүхэн бүжигчин хүн болохоор бие хаа нь эвдрээгүй байна шүү.
-Та нар залуу улс очиж үз. Сайхан жүжиг гэнэ.
-Сая аа, Амараад энэ дээл ёстой ургана даа. Энэ насанд эхнэрээрээ гоёдог юм шүү дээ.
-Бундаа нь нуруу чилээд, танай өрөөний илүү орыг эндээ тавьчих уу?
-Амралтад хэд хоног яваад ирэхэд наад ажил чинь байж л байна, зүгээр. Дуугүй л яв, та нар.
Аргалж албадан, айлгаж аргадахыг ээж чадна. Ойлгон хичээх, ойртон гэгэлзэх тэдэнд холгүй байжээ.
Хаврын найртай өглөө Саямандахын сүлдэт малгайн доор эгдүүтэй жаахан эсгий бойтог эвлүүлж тавьсан харагдана. Бундаа хийцтэй цайгаа цоргиож, Амараа халбага таваг чимэгтэй жингэнүүлэхэд аз жаргал тэдэнтэй хамт цайлахаар иржээ.
Хөвөн хад
Ээж минь хөршөө “Сүү Ажаа” гэнэ. Ажаа гэж дүүхэлзсэн том биетэй, улаан эрээн алчууртай, ухаа ягаан дээлтэй, уурлах нь ховор, инээх нь бүр ч хааяахан дуугүй шар авгай. Охин Цээлээ нь харин чанга цовоо дуутай, аманцар бор охин. Бага нь часхийсэн адтай, том нь амарлингуй дэлгэр, аагтай цай шиг манай хөршийнх.
Цээлээ бидэнтэй тоглохдоо сэргийлэгч юм уу, аав болно. Гээсэн юм олж өгдөг, төөрсөн хүүхдийг гэрт нь хүргэдэг мундаг сэргийлэгч. Эсвэл хүүхдээ өвөр дээрээ суулган, чихэр өгдөг сайн аав. Охин хүүхэд ингэж тоглоход бид гайхан, биеэ барьж байснаа удалгүй дүр дүрдээ орон үнэмшилтэй тоглоцгооно.
Нэг өдөр биднийг эргэн тойрноо анхаарах ч сөхөөгүй шаагилдаж байтал огт үзээгүй нэг ах хажууханд ирээд, тойруулан харснаа,
-Хэн нь Цээлээ билээ гэж эрсхэн асуув. Гэр болгон босгосон эвхдэг орны цаанаас Цээлээ нүдээ эргэлдүүлэн босож,
-Та хэн бэ, манайд ирсэн хүн үү. Ажаа алга уу, намайг таньдаг юм уу гэж баахан дуржигнуулав. Гэтэл арын гудамжны Батхүү хар эрчээрээ гүйж ирснээ,
-Цээлээ, аав чинь ирсэн гэж чангаар хэлээд, нусаа шорхийтэл татав.
Дандаа аав болж тоглодгийн учир энэ байжээ. Тоглохдоо ч эрсээр байдаг, тэгж их хүсдэг аав нь. Амгаа аавыгаа хүзүүдэн тэврэхэд, Нандиа аавдаа үүрүүлж ирэхийг хараад тоглоомоо орхин, гэртээ бүгчихдэг Цээлээгийн хамгийн их санасан хүн. Эвгүй нам гүм, хөшөө шиг зогссон хэдэн хүүхэд, танихгүй ах…
Ашгүй Ажаа гэрээс гарч,
-Хүүхээд, гэртээ ор, нааш ирцгээ, ирцгээ гэлээ. Ажааг дуудахтай зэрэгцэн өнөө ах:
-Аавтайгаа явъя гэж хэлээд гараа сунгав. Гэнэт аавтай болсон Цээлээ үг дуугарах сөхөөгүй, бас хөдөлсөн ч үгүй. Танихгүй ах хэсэг хүлээснээ тэврээд алхав. Ажаагаасаа өөр хэнд ч тэврүүлж үзээгүй, эрэгтэй хүний үнэрт дасаагүй Цээлээ гэдийсхийн нэг л эв хавгүй харагдлаа. Энэ тухай дуулгахаар гэр гэртээ уралдан орсон бид Цээлээг удалгүй гарч ирээд, хамаг сониноо ярих байх гэж тэсэлгүй хүлээн, гадуур нь баахан гүйлдэв. Маргааш нь Цээлээ ихээ ховор, үнэтэй том хүүхэлдэй, бас зөндөө чихэртэй гарч ирээд бидэнд тараав. Аав нь жолооч, хол явахдаа охиноо их санадаг, өвөр дээрээ суулгаад үнссэн, удахгүй ирнэ гэж нүдээ гялалзуулан ярилаа. Тэр өдөр бид дэлгүүрт чихэр зарж тоглосон бол Цээлээ харин жолооч болов.
Энэ явдлаас хойш удалгүй манайх байранд орж, хөршүүд биднийг үдлээ. Тэр дунд Цээлээ их л гунигтай,
-Аавыг ирэхээр хоёулаа хамт тоглосон бол гоё доо. Даанч чи явчихлаа, манайд ирж байвал болох уу гэж зөөлөн асууж байна.
-Тэгнэ ээ, би Цагаан сараар ээжтэйгээ ирнэ, за.
-Заавал ирнэ шүү, би хүлээнэ.
Амласан бүхэндээ хүрэх биш дээ, бид. Тэгж байгаад Сүү Ажаагийнд нь очно гэсээр ээж завгүй. Очоод Цээлээтэйгээ тоглоно доо гэсээр би ч мартлаа.
Олоон жилийн дараа Цээлээтэйгээ таарав. Орон нутгийн унаанд жаал жуулхан юм хадмындаа дайхаар, гайгүй уриалгахан хүн харсхийн зогсож байтал гэнэт хажуугаас:
-Хүүе, багын найз минь байх шив дээ. Цээлээ нь байна шүү дээ гээд цангинав. Түүнтэй хамт тоглож өссөн багын дурдатгал цээж дүүрээд ирлээ. Сүү Ажаагийн сахилгагүй Цээлээ, сэргийлэгч Цээлээ, жолооч Цээлээ минь. Тэр минь үнэхээр л жолооч болчихож. Чанга дуу, дэвэрсэн инээд нь багынхаараа байна.
-Хот, хөдөөгийн хооронд суналзуулж явна даа, найз нь хоёр хүүтэй, манай хүн бас тээврийнх. Хөөрхий Ажаа минь… гээд хэсэг бөглөрөв. Сүү Ажаа бурхан болжээ. Өвчин хууч ч хэлэхгүй, өнөөх л хэвээрээ өтөлж, жамаараа одсон гэнэ. Охиноо нас биед хүрэх үед нь зориуд идээ будаа болж, сэтгэлээ уудалж, үнэнийг өгүүлжээ.
…Ажаа эрийн цээнд хүрсэн, багана мэт ганц хүүгээ алдаад, хорвоог үлгэн салган туулж явахдаа үнхэлцгэн бор охинтой учирсан нь Цээлээ аж. Хороон дарга нь хүүхэд тэвэрсэн эмэгтэйн хамт ирээд,
-Ажаа, одоо сэтгэлээ барь даа. Энэ хүүхэд… гэж түгдэрснээ,
-Ээж нь саяхан хүнд өвчнөө даалгүй өнгөрсөн юм, зайлуул. Хань ижилгүй, ах дүү, төрөл садан ч үгүй бололтой. Нэлээн харлаа, сураглах хүн гарсангүй. Хагацал үзсэн та хоёр минь зовлонгоо дундалж, бие биедээ бараа болж, амьдарвал зүгээр юм уу гэжээ. Ой ч хүрээгүй тэр амьтан аржгар хэдэн цахиураа гарган инээж, бяцхан гараа сарвалзуулан тэмүүлнэ. Ингэж хүүгээ алдсан эх, эхээсээ өнчирсөн охин хоёр учирч, халуун илчиндээ нулимсаа ширгээж, нэгэн бүл болжээ. Тээр жил ирсэн өнөөх аав ахиж ирсэнгүй. Цээлээг харуулдах бүр, Ажаа улам их хямарна. Хоёр биенээ хайрлаад асууж, бас хэлж зүрхлэхгүй явсаар тэр өдрийг хүрчээ. Охиныхоо бэтгэрсэн сэтгэлийг ганц удаа ч болов дэвтээхээр хойд гудамжны Надмид эгчтэй үгсэн, холын хамаатан залуугаар орлуулсан “хуурамч аав” байжээ. Байг гэсээр атал бүдүүн шүдлэн үхэр, дээлийн торгоор гар цайлгасан гэнэ. Батхүүг чихэр, еэвэнгээр шагнаж, Цээлээгийн аав ирснийг чанга дуугаар зарлуулахаар явуулжээ. Ай хөөрхий, эх хүний хад мэт тэвчээр, хөвөн зөөлөн сэтгэлээр энэ дүнсгэр орчлон амьд оршдог юм байна.