Болгарын Уран зургийн академийн төгсөгч, график зургийн мастерууд, нас зөрүүтэй ч, амьдралын, уран бүтээлийн төө зайгүй анд нөхөд Д.Гунгаа, Г.Болдбаяр нар “Норфей арт” галерейд хамтарсан үзэсгэнгээ нээгээд байна. Уран бүтээлчид цар тахал, хөл хорионд “тээглэлгүй”, дор бүрнээ туурвисаар байж. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа зураасан хөрөг бүтээлээр мэргэшсэн. Усан будаг “гүйлгээд л” түүхэн хүмүүс, эгэл ардыг ч урлагийн бүтээл болгодог. Зураач Г.Болдбаярын хувьд модерн чиглэлээр голчилдог. Оюун санаандаа ургуулснаа, хийсвэрлэн сэтгэснээ буулгадаг. Хоёр өөр арга барилын бүтээлээр хамтарсан үзэсгэлэн гаргах нь арга билгийн зохицолтой гэж үзэв үү, эс бөгөөс зүгээр л сүүлийн жилүүдэд туурвиснаа уран зураг сонирхогчдын хүртээл болгоё гэж ярилцсан уу, юутай ч харц, сэтгэл булаам зургуудаа ийнхүү дэлгэлээ.
Тэд үзэсгэлэнгээ “Ice tech эсвэл Амьдралын өнгө” хэмээн нэрлэсэн. Ice tech гэдэг нь зураач Г.Болдбаяр зураасан зургуудаа мөсөн технологиор бүтээдэгтэй холбоотой тодотгол юм. Тэрбээр хөлдөөсөн цаасан дээр зураас татаж туурвидаг. Энд түүний уг арга барилаараа зурсан “Баянзүрх хайрхан” хэмээх бүтээлийг үзүүлж байна. Улаанбаатар хотыг, улаанбаатарчуудыг дөрвөн талаас нь хашиж, харж байдаг хайрхнуудын нэгийнх нь “хөрөг”-ийг ийм өвөрмөцөөр бүтээх нь түүний л шийдэл гэлтэй. Амьдралын өнгө. Зураач Д.Гунгаагийн, хурдан адууны гал шар хэмээх угшлын “автор” өвгөн ноён хэмээх Пүрэвжав гэж хэн, ямар хүн байсныг уран зургийн аргаар ийнхүү харуулав. Зураач “Бид сүүлийн үед өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөр, шинэ арга технологи туршин цаасан дээр буулгахыг хичээх болсон. Оюунлаг орон зай, туурвих цаг хугацаа нь хязгааргүй уран сэтгэлгээ, эерэг энерги, нарийн мэдрэмжээр дүүрэн” хэмээж байна.
Г.Болдбаяр “Мөсжүүлэн зурах арга барилаар туурвиад нэлээд хэдэн жил боллоо. Монголын сайхан орон жилийн дөрвөн улиралд өөрийн үзэсгэлэн, өнгө үзэмж, улмаар төрөл бүрийн хэлбэр дүрс харуулж, хүн ард биднийг баясуулдаг. Янз бүрийн сэдвээр талст болон бусад үүдэлтэй эффектийг цаасан дээр буулгахад олон жил эрэл хайгуул хийсний үр дүнд гаргаж ирсэн энэ технологийн онцлог оршдог” хэмээж байлаа.
Зураачид янз бүрээр бүтээдэг. Байгалийн будаг, хүнсний зүйл, тэр дундаа кофе ч ашигладаг. Харин цаас хөлдөөж зурдаг тухай анх удаа сонслоо, харлаа. Дүрслэн урлах болгар “школ”-той хоёр андын хамтарсан үзэсгэлэн 50 гаруй шилмэл бүтээлтэй бөгөөд энэ сарын 14 хүртэл үргэлжлэх ажээ.