Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойг тохиолдуулж Улаанбаатар хотын музей, Монгол Арт галерейтай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Тодруулбал, XX зууны эхэнд Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсгасан Рой Чапмен Эндрюсийн 1919-1925 оны монгол орон, монголчуудын зан заншил, эгэл бор амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгасан ховор бүтээлүүдийг дэлгэжээ. Рой Чапмен Эндрюс нь Төв Азийн хоёр, гуравдугаар экспедицийг удирдан зохион байгуулахдаа 1919, 1922, 1923, 1925 онд Монгол нутагт дөрвөн удаа айлчилж байжээ. Ингэхдээ манай орны хөхтөн амьтан судлал, шувуу судлал, геологи, палеонтологи, эртний болон орчин цагийн ургамлыг судлан, археологийн асар их баялагтай, шинжлэх ухааны онцгой чухал бүс нутаг болохыг баталсан байдаг.
125 гэрэл зургаас бүтэх уг үзэсгэлэн аравдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм. 100 жилийн өмнөх монголчуудын ахуй амьдралаар аялахыг хүссэн хэн бүхэн Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Монгол Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд зочлох боломжтой.