ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр тус улсын кино урлагийн холбоо, Оросын кино урлаг, соёл, шинжлэх ухааны үндэсний академи ирэх аравдугаар сард “Россия” олон улсын баримтат киноны наадмыг 32 дахь удаагаа зохион байгуулна. Наадмын зохион байгуулагчдын шийдвэрээр өнөө жил Монголын өргөн дэлгэцийн болон телевизийн шилдэг баримтат киног толилуулах, тус салбарын төлөөлөл болсон уран бүтээлчдийг оролцуулах болжээ. Жил бүр болдог уг наадамд оролцсоноор Герман, Франц, Испани, Ирланд, Финланд, Хятадын баримтат киноны уран бүтээлчидтэй хамтран ажиллах, цаашлаад олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцох боломжтой юм. Ташрамд дурдахад, ОХУ-д жил бүр наймдугаар сарын 27-нийг Оросын киноны өдөр болгон тэмдэглэдэг. Өнөө жил “Русский дом” буюу Монгол дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд С.А.Герасимовын нэрэмжит бүх холбоотын кино урлагийн улсын дээд сургууль буюу ВГИК-ийн монгол төгсөгчидтэй уулзалт зохион байгуулах аж.