УДЭТ-ын уран бүтээлчид Ардын хувьсгалын 100 жил, театрынхаа 90 жилийн ойд зориулан Соёлын яамны дэмжлэгтэйгээр Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” зохиолоор ижил нэрт жүжгийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд буй. Эл уран бүтээлийн түүхийн судалгааны ажлын хүрээнд УДЭТ-аас уран бүтээлчдийнхээ дунд онол, практикийн бага хурал, мэтгэлцээн, эрдэм шинжилгээний ажил цувралаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд энэ сарын 20-22-нд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд захирал, түүхийн ухааны доктор П.Дэлгэржаргал, БХЭШХ-гийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Б.Цогтбаатар нар Монголын эзэнт гүрний түүх, Чингис хааны эрин үе, XIII зууны монгол цэргийн зэр зэвсэг, байлдах арга ухааны, Хэрлэнгийн хөдөө арлын, Бурхан Халдун уулын түүх, археологийн дурсгал зэрэг сэдвээр лекц, сургалт зохион байгууллаа. Ташрамд дурдахад, Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар “Бид “Хаадын хаан” түүхэн жүжгээрээ монголчууд өндөр соёл иргэншилтэй ард түмэн гэдгийг харуулахыг хичээнэ. Сүүлийн үед бид Чингис хааныхаа нэрийг хаа хамаагүй хэлдэг болж. Уг нь бид нэрийг нь хэлэхээсээ ч цээрлэх ёстой. Эндээс л хүндэтгэл эхэлнэ. Тийм ч учраас жүжгээ “Хаадын хаан” хэмээн нэрлэсэн” гэсэн юм.