“Арт код” галерейд зураач Д.Соёлмаагийн “Хөх асар” үзэсгэлэнг нээгээд буй юм. Бүсгүй, хүүхэд, амраг хос гээд ер ямар ч сэдвийн зургийг зөвхөн түүнийх гэхээр донжтой хэллэгээр илэрхийлсэн бүтээлүүдээ дэлгэсэн уран бүтээлч СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн төгсөгч юм билээ. Чимэглэх урлагаар мэргэшсэн түүний өвөрмөц өгүүлэмжтэй зургуудын талаар урлаг судлаач Э.Тэмүгэ “Алдарт зураач Марк Шагал “Өнгө бол бүх зүйл. Өнгө зөв байвал хэлбэр нь зөв, өнгө бол ая эгшиг, хөгжим шиг бүх зүйл юм” хэмээн хэлсэн байдаг. Зураач Д.Соёлмаагийн уран бүтээлийн нэгэн онцлог нь хөгжмөөр дамжин гарч буй мэт содон өнгийн хэлэмж байдаг. Халтихан харахад нэлэнхүйдээ сааралдуу харагдах ч сайтар ажиглавал маш баялаг агаад гэгээлэг өнгөнүүдийн хоорондын өвөрмөц зохицол, энд тэндгүй харагдах атлаа хачин донжтой зохиомж, хурц биш ч часхийсэн өнгө хаа нэгтээ дураараа зугаалж байдаг” гэж тайлбарлав.
“Хөх асар” үзэсгэлэн ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх тул зураач өөрөө тодорхойлсноор мэйжик реализм (magic realism) төрлийн сэтгэл татам бүтээлүүдийг уншигчид сонирхоорой.
Ташрамд хэлэхэд, өмнө нь “Blue Moon” галерей ажиллуулж байсан хамт олон нэрийг нь “Арт код” хэмээн өөрчилж, үйл ажиллагаагаа сэргээсэн билээ.
Бэлтгэсэн Р.Оюунаа