“Орфей” театр нээлтээ Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийхээр төлөвлөж, сэтгэл зүйн төрлийн тус бүтээлийг ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус театрын уран бүтээлчид Олон улсын залуучуудын өдөр буюу энэ сарын 12-нд “Ер бусын амьдрал” театрчилсан үзүүлбэр толилуулахаар болжээ. Шинэ, содон шийдэлтэй энэхүү үзүүлбэрээр театрынхаа залуу уран бүтээлчдийг танилцуулах аж.
Ташрамд сонирхуулахад, 1999 оны наймдугаар сарын 12-нд Португалын Лисбонд дэлхийн улс орнуудын залуучуудын асуудал хариуцсан сайд нарын уулзалт болсон. Уг уулзалтаас гаргасан зөвлөмжид үндэслэн НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн энэ өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар зарлажээ.
Бэлтгэсэн А.Хангай