Залуу уран бүтээлч Doid буюу Б.Доржнанжидтай ярилцсанаа хүргэе.
-Тайзны нэрээ яагаад Doid гэж сонгов. Анзаарахад таны нэрийн эхний болон сүүлчийн үсгүүд бололтой. Эсвэл ямар нэг далд утгатай юу? -Миний нэрийн эхний болон сүүлчийн үсгүүд. Хүний нэрийг бүтнээр нь дуудах ёстой, бүтэн дуудагдвал хувь тавилан тэгш байдаг зэрэг олны дундах яриа байдаг шүү дээ. Үүнээс л санаа авсан. Өөр далд утга байхгүй.
-Ямар мэргэжилтэй вэ?
-Би маркетингийн менежер, эрхзүйч гэсэн хос мэргэжилтэй.
-Тэгэхээр дуу хөгжим таны хобби байх нь. Хэзээнээс үүнд дурлав? -2008 оноос “Aim4r” продакшнд бүжиглэдэг байлаа. Тухайн үед хөгжимд автаж, өдрийн тэмдэглэлээ толгой холбон шүлэглэж хөтөлдөг байв. Харин 2011 оноос л дууны үг бичиж эхэлсэн. Гэхдээ дуулахаас ичдэг, харин бүжиглэх дуртай байлаа. 2015 оноос бүжиглэхээ больж, дээр хэлсэн мэргэжлүүдээр суралцаж, ажиллаж, хоёр жилийн өмнө үүргэвчтэй аялсан. Энэ аяллын үеэр надад хань болсон зүйл нь дуу хөгжим.
-Уран бүтээл хийх, түүнийгээ хүмүүст хүргэхэд эзэмшсэн мэргэжлүүд тань нэмэр болдог уу?
-Мэдээж маш чухал нөлөөтэй. Эхэндээ хэнтэй, хэрхэн хамтрахаа мэдэхгүй, хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй хэсэг судалсан. Тэгж явсаар одоо ажиллаж буй студи, уран бүтээлчдээ олж, санаа нийлэн хамтарч байна. Одоогоор HYP студитэй түлхүү хамтардаг. Маш сайн ойлголцдог, гар нийлдэг, гоё хамт олны нэг болсондоо олзуурхаж байгаа.
-Аль нэг студи, продакшны үндсэн уран бүтээлч болчихвол амар биш үү?
-Хэрэв аль нэг газар харьяалагдчихвал өөрийнхөөрөө туурвиж чадахгүй байх вий гэж эмээдэг. Одоо би яг л өөрийнхөө хүсэл сонирхлоор дуу зохиож, санаандаа нийцсэн зүйлийг л хүмүүст хүргэхийг зорьж байгаа. Амаргүй боловч “амттай”.
-Яагаад “Love” дуугаа хамгийн түрүүнд сонсогчдод хүргэхээр шийдсэн юм бэ?
-“Me and you” нэртэй 10 дуутай цомог энэ онд гаргана. “Love” бол энэ цомгийн эхний дуу. Одоогоор цомгийн дуу бичлэг 80-аад хувьтай байна. Энэ сард цомгоо нэрлэсэн “Me and you” дуугаа олон нийтэд хүргэнэ. Энэ мэтчилэн ар араас нь “цацах” санаатай. “Love” дууны клипийг “цацсан”-ы дараа хүмүүсийг тандсан, ажигласан. “Залуу уран бүтээлчийн эхний дуу гэхэд хүмүүсийн хандалт, сэтгэгдэл өндөр байна” гэх үгийг олон хүнээс сонссон. Баяртай байна. Дууны үг, хөгжим, сэдэв, клипэд үзүүлсэн түүх, уран зураг гээд бүгд утга учиртай.
-Цомогт багтах дуунуудынхаа үгийг өөрөө бичсэн гэсэн. Энэ цомгоороо сонсогчдод юу “хэлэх”-ийг хүсэж байна вэ?
-Яг тийм, ийм урсгал гэж оноох хэцүү. “Me and you” цомог бол миний болон хамтарч буй уран бүтээлчдийн сэтгэл хөдлөл, мэдрэмж. Хайр, харилцаа, итгэлийн тухай дуунуудаар нандин мэдрэмжүүдийг илэрхийлэхийг хичээсэн. Дууны үг, ая, клипийн санаа, зохиол гээд бүх л зүйлийг өөрөө бодож, бичиж, оролцохыг оролддог. Тэгж байж өөрийгөө бүрэн илэрхийлэх мэт санагддаг юм. Клипүүдээ энгийн хэрнээ гүн гүнзгий утгатай байлгахыг хүсдэг. Энгийн бүхэн хамгийн сайхан. Олон хүний энгийн гэж хардаг жижигхэн зүйлс, агшин хором бүр үнэ цэнтэйг илэрхийлэх гэсэн юм.
-Цомгоо биет хэлбэрээр гаргах уу, эсвэл цахим хэлбэрээр үү?
-Эхлээд цахим хэлбэрээр гаргана. Дараа нь пянз гаргах санаа бий. Мөн дараа жил хоёр дахь цомгоо гаргахаар төлөвлөсөн. Уг нь цомгоо маш сонирхолтойгоор хүмүүст танилцуулмаар байна. Амьд хөгжимтэй тоглолт маягаар. Гэхдээ цар тахлаас шалтгаалаад тодорхой төлөвлөхөд хэцүүхэн л байна.
-Уран бүтээлч хүнд мэдрэмж чухал уу, мэдлэг чухал уу?
-Аль аль нь чухал. Аль нэг нь давамгайлж болохгүй. Гэхдээ энэ тэнцвэрийг хадгалах хамгийн хэцүү байх.
-Таны зорилго юу вэ?
-Монголын боловсролын салбарын түвшнийг ахиулах, дэвшилтэт болгоход хувь нэмрээ оруулах сан гэж хүсдэг. Энэ чиглэлийн төсөл хөтөлбөрт ажиллах сонирхолтой. Одоо ч ажиллаж байна. Харин уран бүтээлчийн хувьд дэлхийн зах зээлд гарах, олон улсад танигдахыг хүсдэг. Ядаж л монгол туургатнуудад уран бүтээлээ хүргэдэг болмоор байна. Боломжтой ч гэж харж байгаа. Энэ чиглэлээр зах зээлийн судалгаа хийж буй.
-Гадаадын студи, компаниудтай холбоо тогтоож эхэлсэн үү?
-Судалж, холбогдож байна. Өмнөд Солонгосын студиудтэй холбогдсон. Нааштай хариу ч сонссон. Тэндхийн студи, энтертайнментууд нэлээд удаан судалж байж маш олон заалттай гэрээ үзэглэдэг юм билээ. Уран бүтээлч байна гэдэг нэг талаас өөрийгөө брэнд болгоно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө төрх, хэв маяг, онцлогийг л үнэд хүргэх хэрэгтэй.