Хурдан морины зургийг үзүүлэхэд л удам угшил, уяач эзнийг нь шууд хэлдэг, “Дэлхийн монголчууд” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ш.Ганхуяг “Монголын зам” номоо уншигчдын хүртээл болголоо. Уг номд монголчуудын дуу хуур, бичиг үсэг, зан заншил, амьдралын хэв маяг, шүлэг найргийн талаар өгүүлжээ. Ингэхдээ бусад газрын түүх соёлтой харьцуулан бичсэн байна. Түүхч, академич С.Чулуун уг бүтээлийн талаар “Өөр өөрийн хувь тавилангаар амьдран суугаа монгол ахан дүүстэйгээ учран золгож, өв соёл, өвөг дээдсийн түүхийг хүүрнэн, аялан явсан орон газар бүрийнхээ тухай сонирхолтой бүтээл туурвижээ. Монгол хүний хувь тавилан, монголчууд дэлхий дахинд хэрхэн аж төрж, өв соёлоо хэрхэн хадгалж буй талаар өгүүлсэн энгийн сайхан бүтээл болжээ” хэмээн үнэлжээ. Тэгвэл зохиогч энэхүү бүтээлээ “Монгол үндэстний өнгө гэрэл, өв уламжлал, итгэл зүтгэлийг тодотгоход бага ч болов хувь нэмэр оруулахыг эрмэлзсэн” хэмээн дүгнэсэн байна.
Бэлтгэсэн С.Сарантуяа