Олон Улсын Хүний Эрхийн өдөр жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан Хүний Эрхийн Үндэсний Комиссоос санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа байгууллагууд болох Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газруудтай хамтарсан уулзалт зохион байгуулж, санамж бичгийн хүрээнд хамтран хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
Энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Ц.Амгаланбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Харуул хамгаалалтын тасгийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ, Сургалт, арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ахмад Р.Саруултамир нар байгууллагаа төлөөлөн оролцож, хурандаа М.Алтан-Очир 2016 онд хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажил, цаашдын хандлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Хүний эрхийг хангах чиглэлээр тэр дундаа Хорих анги, Цагдан хорих байрнуудын орчин нөхцөлийг сайжруулах, хүний жам ёсны эрхийг хангах чиглэлээр бодитой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдгийг онцлон хэлсэн юм.
Мөн гадаад орнуудын Хүний эрхийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд Цагдан Хорих 461 дүгээр ангийн орчин нөхцөлтэй танилцаад олон улсын жишиг стандартад нийцэхүйц хэмжээнд хүрсэн байна гэж хэлснийг дурдаад цаашид энэхүү хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хүнийн эрхийг хангах үйлсэд хамтран зүтгэж, илүү их амжилт гарган ажиллахаа илэрхийлэв.
Хүний Эрхийн Үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Хүний жам ёсны эрхийг хангах чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлага гарган, идэвхтэй үйл ажиллагаа явуулсны дүнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 26 цагдан хорих байрнаас 18 цагдан хорих байрыг шинээр барьж, 7 цагдан хорих байрыг шаардлагад нийцүүлэн засварласан.
Зөвхөн сүүлийн 2 жилд буюу 2015 онд 6, 2016 онд 4, нийт 10 цагдан хорих байрны барилгыг шинээр барьж ашиглалтад орууллаа.
Ингэснээр НҮБ-аас баталсан “Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэм”-ийн 9 дүгээр зүйлд заасан хорих өрөө, тасалгаанд тавигдах үндсэн шаардлагыг бүрэн хангахын зэрэгцээ “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль”-д зааснаар 1 хүнд ноогдох талбайн хэмжээ 2.5 м/кв байхаас шинээр ашиглалтад орсон хорих өрөөний талбайн хэмжээ дунджаар 3-3.5 м/кв болж нэмэгдэн, байгалийн гэрэл чөлөөтэй тусах, агаарын солилцоо бүрэн хийгдэх нөхцөлийг хангаад байна.
Эдгээр барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаар алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, тэдний ажиллах орчин сайжирч, ажиллах урам зориг ч нэмэгдэж байна.
2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүрьеэгийн төрөлжсөн эмнэлэг, Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 онд баталсан “Хоригдлуудтай харьцах үндсэн зарчмууд”-д заасан “...түүний байнга оршин суух газарт нь ойр дөт орших хорих газарт байлгана...” гэсэн зарчмын хүрээнд Улаанбаатар хотын харьяат ялтныг ар гэрээс нь холдуулахгүйгээр, хүний жам ёсны эрхийг хангасан нөхцөлд ял эдлүүлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх нэгдсэн хорих ангийн барилгыг үргэлжүүлэн барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Хорих ял эдлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, ялтны жам ёсны эрхийг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор “Хорих байгууллагын харуул хамгаалалтын стандарт”-ын дагуу 17 хорих ангийн ялтны байранд засвар тохижилт хийн, хорих өрөөний гэрэлтүүлэг, агааржуулалт, чийгшил, нэг ялтанд ногдох талбайг хууль журамд нийцүүлэн, нийтийн хоолны, сургалтын танхим, номын сан зэргийг тохижууллаа.
“Сэжигтэн, яллагдагч, ялтны хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний үлгэрчилсэн загвар”-ыг батлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, хоолны нэр төрлийг нэмэгдүүлж, эмчилгээний болон цагаан хоолыг хоригдогчдын эрүүл мэнд, хувь хүний сонирхлыг хүндэтгэн олгодог болсноор НҮБ-аас батлан гаргасан “Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмүүд”-ийн 20 дугаар зүйлд заасныг бүрэн биелүүлэн ажиллаж байна.
Ялтны хөдөлмөрлөх эрхийг ханган 2016 оны эхний 10 сарын байдлаар 3895 ялтныг сайн дурын үндсэн дээр хөдөлмөрт хамруулж, тэдгээрт 369,5 сая төгрөгийн цалин хөлс олгож, хохирсон иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж гэм хорын төлбөрт 71,2 сая төгрөгийг хөдөлмөрийн хөлснөөс суутган төлбөр авагчдад шилжүүлсэн.
Улсын хэмжээнд нийт ялтан, хоригдогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, ялтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхтэй холбогдсон нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хорихын нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг жигдрүүлэн, II шатлалын эмнэлгийн түвшинд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилсэн.
2016 оны эхний 11 сарын байдлаар нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд 4995 ялтныг хамруулж, 1081 өвчтөнийг Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээнд хамруулжээ.
Ялтны сурч боловсрох эрхийг хангах ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжлийн сургалтад 2015 онд 562 хамрагдаж, 2016 онд 857 ялтан мэргэжил эзэмшиж, чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 295-аар буюу 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн ял эдэлж буй нийт ялтны 3,1 хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй 140 ялтны хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, бусад хүмүүстэй ижил түвшинд амьдрах нөхцөлийг хангах, протез, ортопедийн хэрэгслээр хангах ажлуудыг зохион байгуулан “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулан, 900.000 төгрөгийн үнэ бүхий тэргэнцэр, протез, ортопедийн хэрэгсэл олгож, хөгжлийн бэрхшээлтэй 91 ялтныг “Сэргээн засах үндэсний төв”-ийн эмч нарын үзлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрууллаа.
Ял эдлэгсдэд эрүүл мэндийн болон хууль, эрх зүйн мэдлэг олгох 10.000 ширхэг өврийн дэвтэр, “Хууль, эрх зүйн зөвлөмж” ном боловсруулан ялтан, хоригдогч нарт хүргэв.
Суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэх санал санаачлагыг дэмжих зорилгоор “Шинэ амьдрал” төслийг хэрэгжүүлэн, 62 иргэнд бичил бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 5 сая хүртэлх төгрөгийн мөнгөн тэтгэмж, суллагдсаны дараа оршин суух өөрийн гэр оронгүй 88 иргэний хүсэлтийг холбогдох газарт уламжлан амьжиргааг дэмжих тусламжид хамруулсан.
Түүнчлэн ялтныг урлаг, соёлоор дамжуулан нийгэмшүүлэх, сэтгэл зүйн эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор Монголын Үндэсний урлагийн их театртай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч А.Цэдэн-иш, 30 гаруй уран бүтээлчдийн хамт Хорих 427 дугаар ангид анх удаа “Учиртай 3 толгой” дуурийг тоглолоо.
Хорих ял эдэлж буй иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг бүртгэлд хамруулан, бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулан 2015 онд 106, 2016 онд 264 ялтанд иргэний бичиг баримт олгуулсан нь өмнөх оны мөн үеэс 158-аар буюу 59.8 хувиар өссөн дүнтэй байна.
2016 онд ХЭҮК-оос 2 шаардлага, мэдэгдэл ирүүлснийг хүлээн авч, зохих арга хэмжээг аван, хуулийн хугацаанд хариуг өгчээ.
2016 онд хүлээн авсан шаардлага, мэдэгдлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-аар буюу 71.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн 2016 онд ХЭҮК-т хандан иргэдээс тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор 7 өргөдөл, гомдол ирүүлснийг харьяаллын дагуу хүлээн авч, дотоод хяналт шалгалтаар ёс зүйн зөрчил гаргасан 1 шийдвэр гүйцэтгэгчид сахилгын шийтгэл оногдуулжээ.
Алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор ХСИС-ын ШШГС-ын захирал, хууль зүйн ухааны доктор, профессор, хурандаа Н.Гантулга “Хүний эрх ба хорих ял” ном бичиж, алба хаагчдын хүртээл болгосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан албаны сургалтын хөтөлбөрт “Хүний эрх”-ийн талаарх сургалтыг заавал зохион байгуулах талаар тусгаснаар алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, мэдээлэл сайжирч 2015 онд 11, 2016 онд 17 төрлийн сургалтыг зохион байгуулжээ.
Алба хаагчдад зохион байгуулсан сургалтын тоо өмнөх оны мөн үеэс 6-аар буюу 35.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар гаргасан судалгаагаар 2016 онд баривчлагдсан, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагчтай өмгөөлөгч нар 20.820 удаа уулзалт хийсэн ба хоригдогч нар өмгөөлөгчтэй хараат бусаар уулзах нөхцөл бүрдсэн.
Дээрх сургалт, сурталчилгааны ажлын үр дүнд алба хаагчдын үйл ажиллагаанд ялтан, хоригдогчтой зүй бус харьцсан, гутаан доромжилсон зэргээр “эрүүдэн шүүх” хэлбэрийг агуулсан байж болзошгүй гомдол, мэдээлэл гараагүй болно.
Мөрдөн шалгах, шүүн таслах, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хязгаарлагдаагүй эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх талаар олон улсын гэрээ, конвенциор хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаагаар нь аливаа улс орны хүний эрхийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт болгодог билээ.
Үүнтэй холбогдуулан 2016 оны 06 дугаар сард Европын холбооны Чех, Франц, Унгар, Герман, Швейцар, Их британи-Умард Ирландын нэгдсэн вант улсын элчин сайд, консулууд, Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн эрх бүхий албан тушуултнуудын хамтаар Багануур дахь Хорих 427 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан.
Гадаад улсын элчин сайд, консулуудыг төлөөлж Унгар Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Мадари Акош “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Хорих 427 дугаар анги нь өөрийн үүрэг даалгавраа мэргэжлийн түвшинд гүйцэтгэдгийг бататган мэдсэндээ талархалтай байна” гэж бидний ажлыг сайшаан дүгнэж байгаагаа албан бичгээр уламжилсныг Та бүхэнд дуулгахад таатай байна.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 95 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Эрх зүйн шинэчлэл ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага” сэдэвт онол, практикийн бага хуралд Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэг хэлэлцүүлсэн илтгэлдээ “...одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуультай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас боловсруулж буй хуулийн төслийг харьцуулж үзэхэд ялтны эрх зүйн байдал дээрдсэн, олон улсын стандартад нийцэж байна...” гэж дүгнэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг хөдөлмөрлөх нөхцөл бололцоогоор хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 50 айлын орон сууцыг, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх албанд 135 м2 талбай бүхий төвийн цэвэр, бохир ус, дулааны шугамд холбогдсон 6 айлын хаус хорооллын барилгыг, Цагдан хорих 461 дүгээр ангид дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 40.8 сая төгрөгний өртөг бүхий 30 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгыг барьж 20 алба хаагчийн 25 хүүхдийг хамруулан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс 2 км зайд Орхон голын хөвөөнд алба хаагч болон ахмад ажилтнуудад зориулсан 50 хүн хүлээн авах хүчин чадалтай амралтын газрыг барьж ашиглалтад орууллаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь алба хаагчдынхаа ажиллах нөхцөл боломж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр цаг үргэлж, онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласны дүнд 2016 онд 132 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.