-Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг нээж хэлсэн үг-
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй сургалт семинарт хүрэлцэн ирсэн аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Хууль зүйн салбарын нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг бол хууль зүйн салбарын шинэчлэл бөгөөд энэ нь Монгол Улсад шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх үндэс суурь болох юм. Энэхүү шинэтгэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, зохион байгуулах чухал үүрэг хариуцлага та бидэнд ногдож байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор “Хууль зүйн яам”-ыг “Хууль зүй, дотоод хэргийн яам” болгон өөрчилж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрыг оруулсан ба эдгээрээс гадна Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн туслалцааны төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэсэн харъяа 5 байгууллага байна.
Эдгээр агентлаг, харьяа байгууллагууд та бүхэнтэй хамтран Хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн бодлого, хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээ, бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүнчлэн орон нутгийн хууль сахиулах байгууллагуудын ажлыг хуулийн хүрээнд уялдуулан зохицуулах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нэгдсэн зорилтын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллах шаардлага байна. Хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хангахад та бидний хамтын ажиллагаа нэн чухал. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчлах, улмаар эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд та бид хамтдаа хичээн зүтгэх ёстой.
Тиймээс хуулийн засаглалын салаа мөчир, шударга ёсны суурь үндэс болсон та бүхэндээ онцгойлон сануулж захих хэдэн зүйл байна Хууль бүх иргэдэд албан тушаал, хөрөнгө чинээ, үндэс угсаа ялгаварлалгүйгээр тэгш үйлчилдэг зарчмыг мөрдөхөд анхаарч ажиллах шаардлагатай байна. Хүний эрх, эрх чөлөө зөрчсөн асуудлыг тухай бүр өөрт оногдсон үүргийнхээ дагуу таслан зогсоож, холбогдох байгууллагад мэдэгдэн шуурхай арга хэмжээ авч ажиллах нь нэн чухал шүү. Нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй тогтмол танилцаж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд иргэд, төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх нь ихээхэн үр дүнтэй. Энэ хүрээнд төрийн хууль тогтоомж сурталчлах, хэрэгжилтийг хангуулах ажлыг бүх шатанд сайтар зохион байгуулж, үр дүнг тогтмол тооцох хэрэгтэй байна. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагатай хамтран эрх зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажлыг тогтмол зохион байгуулах, тэднийг хамгаалах байр орчин бий болгоход хаа хаанаа анхаарах нь зүйтэй.
Орон нутагт Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад шинээр батлагдсан хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж оролцоход санаачилга гаргахыг хүсье.Цаашид орон нутагт Засгийн газрын бодлого, шийдвэр, гэрээнд тусгагдсан үүргүүдийг хэрэгжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны жигд шуурхай байдлыг хангах, хуулийн хүрээнд ажлын уялдаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, мэдээлэл солилцоог сайжруулж, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэхэд анхаарч, шаардлагатай асуудал, санал хүсэлтийг тус яаманд ирүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллахад анхаармаар байна. Хууль зүйн салбарын бодлого чиглэлийг орон нутагт хэрэгжүүлэхэд Та бүгдийн дэмжлэг, зохион байгуулалт, идэвхи санаачилга нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэе.Хууль зүйн салбарын тулах багана, түших тулгуур, хууль хэрэгжүүлэх ажлын ноён нуруу болсон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэе.