Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр, Монгол Улсын Шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулсны 55 жилийн ойг тохиолдуулан нийт эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны салбарын ажиллагсад болон шинжлэх ухааны үр шимийг хүртэгч иргэд, хамтран ажиллагч байгууллага, хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 онд ШУА-ийг байгуулж, 1961 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ШУА-ийн анхдугаар чуулган хуралдаж, академийн анхны гишүүдээ сонгосноор өрнө, дорнын олон улсын жишгээр эх оронд маань эрдэм шинжилгээний ажил дагнан эрхлэх шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй. Өнөөдөр манай орны ШУ-ны салбарт эрдэм судалгааны ажил дагнан эрхлэгчдийн 50 гаруй хувь ШУА-ийн хүрээлэнгүүдэд ажиллаж байгаа нь нэг талаас гүн бахархалтай, нөгөө талаас том хариуцлага хүлээлгэсэн үйл хэрэг хэмээн бид ойлгож явдаг юм.
Бидний амьдарч буй аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжсэн эринд шилжиж буй энэ үеийн гол онцлог нь мэдлэгийн эдийн засгийг бий болгох, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаанаар жолоодуулан нийгмийг хөгжүүлэхэд оршиж байна. Эрдэмтэн судлаач та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд манай шинжлэх ухаан хүрсэн түвшнөө жилээс жилд ахиулах хандлага хадгалагдсаар байгаа нь бахархалтай хэрэг юм.
Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас 2016 оныг “Шилдэг менежмент, чанартай бүтээмж”-ийн жил болгон зарлаж, шинэ мэдлэг бүтээхийн зэрэгцээ түүнийг хэрэглээнд шуурхай нэвтрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр идэвх чармайлттай ажилласны үрээр бидний бүтээл туурвил арвин байлаа. Өнөөдөр шинжлэх ухаан нь нээлттэй мэдээлэл, тогтвортой хөгжлийн цогц судалгаа, судалгааны олон чиглэлийн уулзвар дээр хөгжих чиг хандлага улам тодорхой болж байна. Манай эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагууд энэ шаардлагыг анхааран шинжлэх ухаан, төр, нийгмийн зохицол уялдааг хангаж ажиллана гэдэгт итгэл төгс байна. Монгол Улсын шинжлэх ухаан улс орныхоо хөгжлийн түүчээ, оюуны болоод материаллаг баялгийг бүтээгч, улс орныхоо өрсөлдөх чадварыг өөд нь татагч хүчин зүйл болон хөгжиж, эрдэмтэн судлаачид маань эрдэм номоо сэтгэл амар туурвин байхын ерөөл дэвшүүлье. Эрдэм мэдлэг үеийн үед мандан бадрах болтугай.
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ Д.РЭГДЭЛ