Монгол Улсын ихэнх нутгаар цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсч болзошгүй байгаатай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын албан даалгавар гарч байгууллагын харьяа бүх салбар, нэгжүүдэд хүргүүлээд байна. Энэ талаар болон байгалийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж нисэхийн салбарт ямар ажлууд хийгдэж байгаа талаар Агаарын навигацийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат, Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар нараас дараах тодруулгыг авлаа.
- Албан даалгавраар салбарын алба нэгжүүдэд ямар үүрэг чиглэл өгч байна вэ?
-Ё.Э: Улсын онцгой комиссоос болон Нисэхийн цаг уурын албаас баталгаажуулан цаг агаарын хүндэрсэн онцгой нөхцөл байдал үүсч болзошгүй мэдээлэл ирүүлсэн. Тиймээс ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Агаарын навигацийн болон Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтсүүдийн харьяа алба, салбарууд, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулах, гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, байнга бэлэн ажиллах чиглэлээр албан даалгавар гаргалаа. Үүний дагуу манай Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтэс хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж ажил хэрэг болгож эхлээд явж байна. Юун түрүүнд орон нутгийн нисэх буудлууд, хэлтсийн харьяа алба, салбаруудад цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд тоног төхөөрөмж, аэродромын бэлэн байдалд онцгой анхаарч ажиллах үүрэг өгсөн. Мөн ажилтнуудынхаа сургалтыг, ялангуяа нислэгийн хөдөлгөөн, үйлчилгээний ажилтнууд, нислэгийн удирдагч нарын үйл ажиллагаа болоод нислэгийн үйл ажиллагаанд онцгой анхаарах үүрэг, даалгавар өгч байна. Цахилгаан болоод холбооны шугамууд, бусад тоног төхөөрөмжүүдийн стандартад тавигдах шаардлагыг шалгаад даруй хариу мэдэгдэхийг ч албан даалгаварт тусгасан.
-Ё.Э: Тэгэхээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхлэсэн гэсэн үг үү?
- Цаг агаарын онцгой нөхцөл байдал нь Агаарын навигацын үйл ажиллагаанд хэвийн бус, хүндрүүлсэн нөхцөл байдлыг шаардаж байдаг. Ялангуяа хөөрч буух зурвас цастаж мөстөх, тоног төхөөрөмж хөлдөж бээрэх, цаашлаад агаарын хөлөг агаарын зайн мөстлөгийн бүсэд орох, үүнээс үүдээд нислэгийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учрах, нислэгийн хөдөлгөөн удирдлага болоод нислэгийн удирдагчийн үйл ажиллагаанд бэрхшээл учрах нь бий. Тиймээс энэ бүгдэд бэлэн ажиллаж бэлтгэл аэродромууд, агаарын замын дагуу болон нисэн очих аэродромуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах шаардлага гардаг. Ер нь өвлийн улиралд байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байдаг учраас Агаарын навигацын үйлчилгээний салбар өвөл, хавар, намрын цаг агаарын онцгой нөхцөл тохиолдоход байнга бэлэн байх, бэлтгэл ажлыг өндөр хэмжээнд хангаж ажилласаар ирсэн. Тиймээс зөвхөн энэ удаагийн цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор албан даалгавар гарч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна гэж ойлгож болохгүй. Өвлийн улиралд шилжээд цаг агаарын эхний онцгой нөхцөл байдал л тохиолдох гэж байна. Тиймээс Нислэгийн аюулгүй байдлыг хангаж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ээлжит зохион байгуулалт хийгдэж байна гэж хэлж болно. Албан даалгаврын дагуу харьяа алба, салбарууд сар бүрийн сүүлээр тайлан ирүүлэхийг үүрэг болгож байгаа. Манай салбарын өндөржүүлсэн бэлэн байдал ирэх оны 2 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Тиймээс өвлийн улирлын туршид өдөр тутмын үйл ажиллагааг ийм өндөржүүлсэн бэлэн байдалд байлгаарай гэсэн шаардлага тавьж албан даалгавар, түүний хэрэгжилтийн тайланг Тэргүүн дэд даргад сар бүрийн эцсээр ирүүлж байх юм. Ингэснээр салбарын удирдлагууд хүндрэлтэй байгаа газруудын нөхцөл байдлыг хэлэлцэн даруй шийдвэрлэх, цаашид ажлаа хэрхэн зохион байгуулах вэ гэсэн бодлогын хэмжээний ажил хийгдэж байна.
- Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтсийн хувьд өвлийн бэлтгэл ямар түвшинд байна вэ?
-Д.Э: Цаг агаарын онцгой нөхцөл байдал үүснэ гэсэн анхааруулга, сэрэмжлүүлэг ирүүлсний дагуу Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтэс шуурхай хуралдаж алба, салбарууддаа үүрэг даалгавар хүргүүлсэн байгаа. Ялангуяа орон нутгийн нисэх буудлуудад анхаарал хандуулж тэнд ажиллаж байгаа машин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, гражийн нөөц, хадгалалтын байдалд онцгой анхаарах талаар үүрэг чиглэл өгсөн. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын цас цэвэрлэгээний машин механизмыг бэлэн байдалд байлгах, шаардлагатай үйлчилгээ, засварыг даруй хийж гүйцэтгэх ажил эхэлсэн. Цаг агаар хүндрэх энэ хугацаанд их хэмжээний цас орно гэсэн урьдчилсан мэдээлэл өгч байна. Зарим аймагт цас цэвэрлэгээний машин дутагдалтай байдаг. Тиймээс цас цэвэрлэгээний машинийг бэлэн байдалд байлгах мөн үрэлтийн коэфицент хэмждэг машины бэлэн байдлыг хангах үүрэг өгөгдсөн. Түүнээс гадна ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг өндөр хэмжээнд сахиж, ажилчдыг өвлийн дулаан хувцсаар хангаж ажиллана.
- Зарим нисэх буудалд дутагдалтай цас цэвэрлэгээний машин, бусад тоног төхөөрөмжийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Д.Э: Дотооддоо хэд хэдэн асуудлыг шийдсэн. Тухайлбал, ачаалал багатай аймгуудын нисэх буудлаас машин, тоног төхөөрөмжийг татах зэрэг зохион байгуулалтаар бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.
- Нислэг саатах, хөөрөх, буух цагт өөрчлөлт орох тохиолдолд ямар зохион байгуулалтаар ажиллаж, зорчигчдод яаж мэдээлэл шуурхай хүргэх вэ?
- Д.Э: Аль болох нислэгийн хэвийн байдлыг хангаж ажиллана. Цаг агаарын гарцаа байхгүй хүндрэлтэй байдал үүсч шуурах, хүчтэй салхилах үед аюулгүй байдлыг хангах үүднээс нислэгийн цагт өөрчлөлт орж болзошгүй. Энэ тохиолдод зорчигч нарт шуурхай мэдээлэл өгөх ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, болоод байгууллагын mcaa.gov.mn сайт, сошиал суваг, сайтуудаар шуурхай түгээх ажлыг зохион байгуулна. Нисэхийн цаг уурын албаныхантай хамтарч ажиллаж байгаа учраас цаг агаарын баталгаажуулсан мэдээллийг байнга авч байнгын бэлэн байдалтайгаар ажлын зохион байгуулалтаа хийгээд явна.