Ц.Төрбат тэргүүтэй манай хэдэн археологич 2004 онд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хар чулуут голын хөндийгөөс Хүрэл зэвсгийн түрүү үед холбогдох бүтэн цогцолбор илрүүлж байжээ. Энэ нь Монгол Алтай, Шинжаан буюу Хятадын Алтайд суурьшиж байсан хэмцэг үндэстнүүдийн соёлд хамаарах олдвор юм байна.
Овор хэмжээгээрээ өөр хоёр булшнаас бүрдсэн цогцолборын нэгийг нь буюу жижгийг тэд 2014 оноос судалж эхэлжээ. Малталтаар дугуй хэлбэртэй нүхийг хажуу тийш нь хөндийлөн ухаж, хүн оршуулсан байжээ. Археологичид энэхүү олдворыг аль үеийнх болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Ийнхүү шат дараалсан судалгаа хийж байх хооронд хоёр дахь буюу том булшийг нь Монгол, Оросын хамтарсан археологичдын өөр нэгэн багийнхан зөвш өөр өлгүйгээр малтаж эхэлснийг Ц.Төрбат тэргүүтэй судлаачид буруушааж байна. Учир нь хүний илрүүлсэн олдворт гар хүрэх нь оюуны өмчийн хулгайгаас өөрцгүй, хууль бус үйлдэл гэж тэд үзэж буй.
Зөвшөөрөлгүйгээр малтсан бунхант булшнаас тахилын ёслолын ул мөр олдсон нь Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшныхтай нэлээд төстэй гэнэ. Гэхдээ гадаад зохион байгуулалт, чулуун дараасын хувьд төстэй ч, дотоод байгууламж, тахилын хэв маягаараа ялгаатай юм байна. Археологийн олдвортой холбоотой өөр нэгэн шинэ мэдээ байна.
Юу гэхээр, Монгол, Францын хамтарсан археологичид Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг Тамирын улаан хошуу гэдэг газраас Хүннүгийн үед хамаарах олдвор илрүүлжээ. Хүннүчүүдийн талаар шинийг мэдээлэх уг олдвор нь тогоо хэлбэртэй, амсартаа ховил бүхий өвөрмөц хийцтэй хос ваар юм.
Тухайн булшнаас мөн V зууны үед хамаарах Эвталитын мөнгөн зоос нэг, Дундад Азийн эдлэлүүд ч байгааг тогтоожээ. Хүннүгийн соёлд хамаарах эдгээр олдвор хүннүчүүдийн гадаад харилцааны талаар том судлагдахуун болно гэж эрдэмтэн, судлаачид олзуурхаж буй.