Нэг хэсэг “Ice bucket challenge" буюу мөстэй ус хувингаар толгой дээрээ асгаж сайн үйлст нэгнийгээ уриалж байсныг санаж буй биз ээ. Тэгвэл энэ удаа залуус “hog bucket challenge” буюу нэг хүн гурван шуудай хог түүх аяныг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч, уг аяныг олон залуус дэмжин оролцож хогоо хаяхгүй байхыг нийгмийн сүлжээгээр уриалж буй.
Харин эдгээр залуус дотроос сонирхлоороо нэгдэж нэг хамт олон болсон “Үнэртэй усанд дурлагсдын клуб” хэмээх фэйсбүүк грүпийн залууст онцгойлон алга ташин, сайшаамаар санагдлаа.
Учир нь тэд энэ аяныг хамгийн сайн хэрэгжүүлэгчид юм. Тодруулбал, Хог түүж аянд нэгдсэн гишүүн тус бүр грүпийнхээ бусад гурван гишүүний нэрийг дуудаж, нэгдэхийг уриалж байгаа бөгөөд 72 цагийн хугацаа өгнө. Хугацаанд багтаж үүргээ биелүүлээгүй гишүүнийг шийтгэх замаар энэ аяныг эрчимтэй үргэлжлүүлж, олон газрыг амьсгалах агаартай болгосоор байгаа юм.
"Улаанбаатар хотоос жилд дунджаар 500-600 мянган тонн хог хаягдал гардаг хэмээх судалгааг 2014 онд гаргасан байдаг. Тэгвэл нэг хүнд дунджаар 430 килограмм хог ногдож байгаа бөгөөд өлгийтэй хүүхдээс эхлээд өвгөд хөгшид хүртэл нэг бүрчлэн тооцоход л ийм байна. Тэгвэл гурван шуудай хог бол ердөө л 20 минутын ажил" хэмээн “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ын гишүүд ярьсан юм.
Түүнчлэн хог хаягдлын 36 хувь нь хүнсний хаягдал, 22 хувийг пластик материал буюу хуванцар сав, гялгар уут эзэлдэг. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 132 мянган тонн хуванцар сав, гялгар уутыг манай улс гадаадаас импортлон авч, хог болгон хаядаг гэсэн үг.
Мөн нийслэлд үүсч байгаа хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг аж. Одоогийн байдлаар ийм төрлийн үйл ажиллагаа явуулах ганц ч үйлдвэр байхгүй нь харамсалтай ч байгаль дэлхийд хор болгож хаяхгүй байх ухамсар бидэнд түүнээс илүү чухал билээ.
Хэн нэгнээс хараат бус өөрсдийнхөө үзэл бодлоор цахим ертөнцөд нэгдсэн эдгээр залуус зүгээр нэг нэгдэж, бүлэг болох бус нийтийн сайн сайхны төлөө хийж чадаж байгаа нь талархууштай үйлдэл юм. Цахим ертөнц хөгжсөн учраас тэдний энэ үлгэр жишээ үйл хэрэг маш олон хүнд зөв суртал, ухуулга болох нь мэдээж биз ээ.