Монголын Урчуудын эвлэлийн хорооны дарга Б.Төмөрбаатартай ярилцлаа. Монголын дүрслэх урлагийн салбарын бүхий л төлөөлөл энэ байгууллагаар дамжин танигдаж, хорооныхоо нэрэмжит шагналаар бахархаж явдаг. Өөр өөр бодол, сэтгэхүйтэй, ойлголцоход түвэгтэй олон уран бүтээлчдийг нэгтгэн, эрх ашгийг нь хамгаалж, ахмадуудаа халамжлан явах үүрэг энэ байгууллагын үе үеийн удирдлагад ногдсоор ирсэн. Б.Төмөрбаатар дарга өнгөрсөн жил энэ албанд томилогдсоноосоо хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч буй нь энэ.
-МУЭ-ийн хороо сан хөмрөг дэх бүтээлээрээ маргааш үзэсгэлэн гаргах гэж байна. Өмнө нь ийм үзэсгэлэн гарч байгаагүй санагдах юм. Анх удаа ийнхүү “авдраа уудалж” байна уу?
-Өмнө нь ийм үзэсгэлэн гарч байсангүй. Монголын урчуудын эвлэлийн хорооны сан хөмрөг баялаг л даа. Байгуулагдсан цагаасаа уран бүтээлчдийн бүтээлийг худалдан авч уран сайхны фонддоо хадгалдаг байлаа. Уран зургийн галерейтай эн зэрэгцэнэ гэхгүй ч Монголын зураач нарын шилдэг бүтээлийг хадгалсан байгаа.
-Тэр дундаа ховор, сонин ямар бүтээл байгаа бол?
-Үзэгчдийн хараагүй, үзээгүй олон бүтээл бий. Монгол зургаар дагнан гаргаж байгаа энэ үзэсгэлэнд 12 метр өндөр, таван метр өргөнтэй зээгт наамал багтсан байгаа.
-Танай үзэсгэлэнгийн танхимд багтахааргүй том юм байна шүү дээ.
-Өндрөөрөө багтахгүй ч өлгөөд шал руугаа унжуулаад хаалт тавиад үзүүлнэ. Манайх дүрслэх урлагийн бүх төрлөөр фондоо бүрдүүлсэн байдаг юм. Уран баримал, сийлбэр, уран дархан, керамик, уран зураг, график, монгол зураг байна. Анх удаа монгол зураг, зээгт наамлыг дэлгэн танилцуулах гэж байна. Тухайн үедээ уран бүтээлчид нь үзэсгэлэндээ багтааж байснаас биш дахин нийтэд үзүүлээгүй бүтээлүүд бий. Ахмад уран бүтээлчдийн маань бүтээлүүд гэсэн үг.
-МУЭ хороо хэдэн гишүүнтэй вэ?
-Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 500 гишүүн бий. Ахмадуудаа оролцуулбал 650 болох байх. Манай хороо дээр үед олон үйлдвэртэй байсан. Монументаль чимэглэл, Ваар шаазан эдлэлийн зэрэг үйлдвэрээс тэтгэвэрт гарсан 200 гаруй хүн бий.
-Хэдэн тэргүүлэгч гишүүнтэй вэ?
-Дарга, дэд дарга болон тэргүүлэгч долоон гишүүнтэй. Мөн хяналтын зөвлөлөө их хурлаараа сонгосон байгаа. Гурван жилд нэг удаа их хурлаа хийдэг. Манайх 1942 оноос хойш уран бүтээлчдээ нэгтгэн ажиллаж байгаа байгууллага. 18 аймагт салбартай.
-Одоо ч гэсэн аймгуудад салбар байдаг уу?
-Зах зээлийн үед нэлээд нь идэвхгүй болсон ч зарим нь хэвийн ажиллаж байна. Хөвсгөл аймгийн салбар сайн ажилладаг. Цаашид бид орон нутгийн салбаруудынхаа үйл ажиллагааг дэмжиж, идэвхжүүлнэ.
-МУЭ-ийн хорооны барилга хуучирч муудаад борооны ус гоожсон тухай мэдээлэл гарч байлаа. Удсан ч үгүй шинэ барилга баригдана гэж байсан ч зураач нарын эсэргүүцэлтэй тулгарсан. Харин их хурлын дараа барилгын асуудал нам жим болчихсон. Танайд шинэ барилга шаардлагагүй гэж үзсэн үү?
-Манайх олон нийтийн байгууллага учраас гишүүдээсээ санал хурааж шийдвэр гаргадаг. Өмнөх даргын үед 20 гаруй давхар барилга энэ газар дээр барихаар шийдсэн байсан ч гишүүд эсэргүүцэж, болиулсан. МУЭ-ийн хороонд шинэ барилга хэрэгтэй. Гэхдээ өөрсдийн хөрөнгөөрөө л барина гэж төлөвлөөд төсөл боловсруулаад явж байна. Манайх бусад төрийн бус байгууллагатай харьцуулахад үл хөдлөх хөрөнгө олонтой. Өмнөх дарга нарын үед их зүйл хийж бүтээснийг нь бид уламжлан сайжруулах үүрэг хүлээн ажиллаж байна. 100 айлд гурван ч урлан байна. Бас “Пассаж” төвийн барилга манайх. Төрөөс санхүүжилт авдаггүй болохоор зарим барилгаа түрээслүүлж санхүүжилтээ олдог.
-Зураач нарын ертөнцийг үзэх үзэл их сонирхолтой, бас хэнээс ч айхгүй өөрийнхөөрөө зүтгэж чадах хүмүүс. Гэтэл их хурал нам жим болж, барилгын асуудлаа ч “тогоон дотроо” шийдчихжээ.
-Зураач болгон МУЭ-ийн хорооны гишүүн болдоггүй. Бас манай байгууллагад л хамаатай асуудал учраас дотроо шийдвэрлэсэн.
-Дүрслэх урлагийн салбарын өнөөгийн хөгжил, олон улсын харилцаанд та бүхэн ямар оролцоотой байдаг вэ. Тухайлбал, энэ жил Венецийн биеннальд Монголын хоёр зураач анх удаа оролцлоо.
-Бид гадаад харилцаагаа өргөжүүлэх ажил хийхээр хичээж байна. Өмнө нь хийгдсэн олон гэрээ бий. Одоо ч шинээр хийнэ. Мөн манай зураач нар хувиараа идэвх зүтгэл гарган ажилладаг хөдөлгөөнтэй улсууд. Мөн зураач нарыг маань дэмжиж ажилладаг байгууллага, хувь хүн олон бий. Тухайлбал, “Норд арт” үзэсгэлэнд Монголын 30-аад зураачийг оролцуулсан Гантуяа идэвхтэй ажиллаж байна. Өөр чиглэлээр дэмждэг хүмүүс ч бий. Зураач нар ОХУ, БНСУ, БНХАУ-аар зогсохг үй Европын дүрслэх урлагийн байгууллагуудтай холбоотой ажиллаж байна. Гадаадад амжилттай ажиллаж яваа зураач нар ч бий.
-Өмнө нь та ямар ажил, алба эрхэлж байсан бэ?
-СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд 30 гаруй жил монументаль зургийн чиглэлээр багшилж байгаад өнгөрсөн их хурлаар энэ байгууллагыг удирдахаар сонгогдлоо.
-Одоо уран бүтээлээ туурвих зав гарч байна уу?
-Багшилж байсан үетэйгээ харьцуулахад их завгүй болчихсон. Аж ахуйн ажил барагдах биш. Амралтын өдрүүдэд зургаа зурахсан гэж боддог ч чадахгүй юм. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө үзэсгэлэн гаргасан байх. Гэхдээ хамтарсан үзэсгэлэнд байнга оролцдог.
-ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, АНУ, Герман, Франц, Польш, Чех улсад үзэсгэлэнд оролцож Стокхольмд бие даасан үзэсгэлэн гаргаж байсан гэсэн үү?
-Тийм ээ. Манай ахмад зураач нар “Торгоны зам” нэртэй үзэсгэлэн гаргаснаас гадна хамгийн сүүлд Манжуурт Хятад, Монгол, Орос гурван улсын анхдугаар фестивалийн үеэр шинэ үзэсгэлэн гаргаад байгаа.
-Ахмад зураач нарынхаа үйл хэргийг тодруулах ажилд илүү идэвх зүтгэл гаргаж байна гэж ойлгож болох уу?
-Ахмадуудын маань бүтээж бий болгосон зүйлс агуу юм аа. Манайх олон нийтийн байгууллага боловч ахмадууддаа бага хэмжээний тэтгэлэг өгдөг. Үүнийг ч бас ахмадууд маань бий болгосон юм.
-Дүрслэх урлагийн төрөл зүйл улам баялаг болж, ойлгоход түвэгтэй бас хэтэрхий энгийн гэмээр орчин үеийн урсгал, чиглэлүүд ч бий болжээ. Харин тайлбар мэдээлэл нь дэндүү дутмаг санагдах юм. Уран бүтээлч болон судлаач, шүүмжлэгч нартайгаа хамтран ямар нэг ажил хийж болдоггүй юм уу?
-Дүрслэх урлагийн салбар олон чиглэлээр хөгжиж байна. Манай залуу үе болон дунд үеийнхэн энэ урсгал, чиглэлүүдээр идэвхтэй уран бүтээл туурвиж байна. Авьяас чадвараараа дэлхийн бусад орны уран бүтээлчидтэй эн зэрэгцэж байгаа нь буухиалан сонсогдох амжилтын мэдээллээр нотлогдоно. Саяхан л гэхэд 24 орны зураач нарын оролцсон, АНУд болсон тэмцээнд манай зураач Ганбаатар арван номинацийн зургаад нь түрүүлж, гран при хүртлээ. Хэдхэн жилийн өмнө Бээжин биеннальд ч манай зураач түрүүлсэн. Харин урлаг судлаач, кураторууд чадах чинээгээрээ ажиллаж байгаа ч хангалттай биш байгаа юм. Ийм олон төрөл зүйл байхын хэрээр л тэр болгоныг судалж, шинжилдэг мэргэжилтнүүд байх учиртай.
-Та энэ байгууллагын даргаар ажиллах болсноосоо хойш ямар ажилд түлхүү анхаарал хандуулж байна вэ?
-Барилгуудынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ашиг орлогоо нэмэгдүүлж, зураач нараа ая, тухтай цэвэр цэмцгэр орчинд байлгахын төлөө их анхаарлаа. Төв байрны доод давхарт төрөл бүрийн худалдаа хийдэг лангуунууд ажиллаж байсныг болиулж орчин үеийн зоогийн газар, галерей байгууллаа. Ингэснээр манай галерейг зорин ирж байгаа гадаад, дотоодын аялагчдад тухтай болсон. Бас саяхан “А” урлангийнхаа барилгыг засварлалаа. Навсайсан, балгас шиг болсон байсныг нь өөрчилж, шинэчиллээ. Энэ намар “Б” урлангаа ч бас засварлана.
-Сан хөмрөгийн зургуудаа хаана хадгалдаг вэ?
-“Б” урлангийнхаа хоёр том өрөөнд л бүтээл үүдээ хадгалж байна. Үнэндээ орчин үеийн фондын шаардлагад нийцэхгүй байгаа. Энэ ажлыг хүлээн авснаасаа хойш фондон дахь бүтээлүүдээ нэг бүрчлэн үнэлж, бүртгэлжүүллээ. Ямар ч тооцоогүй явсаар байж.
-Энэ талаар улсаас тусламж хүсэх боломжгүй юу?
-Улсын мэдэлд Уран зургийн галерей байдаг ч тэндхийн асуудлаа шийдэх амаргүй байдаг байх. Тиймээс бидэнд туслах боломж хомс байх гэж бодоод ЮНЕСКО-д хандан төсөл бичиж байна. Уг нь манай сан хөмрөгт Уран зургийн галерейд ч байхгүй сонирхолтой зурагт хуудсууд эх хувиараа хадгалагдаж байна. График, уран зураг, уран баримал гээд олон төрлийн бүтээл байгаа болоход цаашид цувралаар үзэсгэлэн гаргах болно. Ийм арвин үүц бидэнд байгаа болохоор эхнээс нь задалж, үзэгчдэдээ бэлэг барихаар шийдээд байгаа юм.