Лондон хотын алдарт “Shakespeares`s Globe” театрын уран бүтээлчид дэлхийн 205 орноор аялан тоглолт хийж байгаа бөгөөд тус театрын 16 жүжигчин наймдугаар сарын 12-нд манай улсад ирж У.Шекспирийн “Гамлет”жүжгийг УДЭТ-т тоглох аж.
Английн сэргэн мандалтын үеийн нэрт жүжгийн зохиолч У.Шекспирийн мэндэлсний 450 жилийн ойн хүрээнд, ЮНЕСКО-гийн ивээл дор хоёр жилийн турш үргэлжилж буй тус аялан тоглолт нь одоогоор 115 гаруй орны үзэгчдэд хүрээд буй.
Суут зохиолч У.Шекспир амьдралынхаа турш 37 жүжгийн зохиол туурвисан бөгөөд тэрбээр 37 настайдаа “Гамлет”-аа бичсэн юм. “Орших уу, эс орших уу” эшлэлээрээ амьдралын үнэнийг хүн төрөлхтөнд ойлгуулсан энэ жүжиг анх 1601 онд “Globe” театрын тайзнаа тоглож, түүнээс хойш орон орны найруулагчид өөрсдийн уран сэтгэлгээ, харах өнцгөөр, эх хэлнээбуулган үзэгчдийн хүртээл болгож ирсэн юм. Манай үзэгчид 1980 онд С.Галсанжавын найруулгаар “Гамлет”-тай танилцаж байсан бол өнгөрсөн жил Төрийн шагналт Н.Наранбаатарын найруулснаар бид үзэж байсан билээ.