Хүн бүрийн бага нас онцгой сайхан өнгөтэй.Одод гялалзуулж, өнгө өнгөөр алагласан бага насны дурсамжаа эргэн санахад хүүхэд болчихсон мэт догдолж, нууцхан инээд алдаж, сэтгэлд гэгээ татдаг. Тиймдээ ч “Өнөөдөр”сонин олны танил хүмүүсээр дамжуулан таны ч бага насыг дурсуулах гэж хичээдэг. Магадгүй та жүжигчин О.Бат-Өлзий, “Номинталст” хамтлагийн дуучин Д.Батсүх, жүжигчин Э.Амаржаргалын үеийнх байж мэднэ. Тэгвэл тэр үеийн модон чарга, мөхөөлдөсний амтыг санаж л байгаа. Бас Амараатай ижилхэн 20-ийн чавганд дурлаж явсан залуус ч одоо мөрөөдлийнхөө төлөө зорьж, тэмүүлж, эхнээсээ амжилтад хүрчихсэн яваа. Нас насны дурдатгал тодруулсан бага насны галт тэргэнд суугаарай.
10-ЫН НЭГ БАТЖИЙЖИЙ
Дуртай амттан: МӨХӨӨЛДӨС
Хоч: ЖИЙЖИЙ
Найруулагч, жүжигчин Осорын Бат-Өлзийгийн нэрийг бага дүү нь хэлж чадахгүй явсаар Батжийжий болгон сунжруулжээ. Яван явсаар энэ нэрнээс улбаалан түүнийг Жийжий хэмээн дууддаг болсон гэдэг. 10 хүүхэдтэй өнөр бүлийн гишүүн тэрбээр айлын долоо дахь хүүхэд аж. Сонирхолтой нь, гавьяат жүжигчин Осор гуайнх таван охин, таван хүүтэй айл юм. Тэдний дундаас урлагийн зам мөр хөөж олны танил болсон нь О.Бат-Өлзий болон түүний ах О.Батсайхан агсан. Хүүхэд бүрийн адилаар мөхөөлдсөнд нугасгүй байсан энэ хүүгийн хамгийн дуртай тоглоом нь хоккей.
Учир нь хоккейн модон цохиур ховор байхад өөрөө бусдаас онцгойрон ийм тоглоомтой болчихсон болохоор гайхуулалгүй яах вэ. Жийжийгийн багын найзыг Н.Одон гэдэг. Өдгөө ч андууд хэвээр. Н.Одон найз нь одоо цагдаагийн хурандаа болжээ. Хүүхэд байхдаа мэдэрсэн амттай зүйлсийг одоо яг ижилхэн хийсэн ч тухайн үеийн амт мэдрэгддэггүй нь гайхалтай. О.Бат-Өлзий ээжийнхээ хийж өгдөг байсан цувдайн пирожкийг огт мартдаггүй. Яг адилхан амтыг нь өдий хүртэл мэдрээгүй яваа гэсэн. Мөрөөдлөөр бялхаж, тэмүүлж явсан Жийжийгийн хүслийн тал нь биелсэн. Энэ айлаас энгэртээ одон зүүсэн ганц хүү болохоор түүгээрээ илүү бахархдаг аж.
МОДОН ЧАРГААР ГУЛГАХДУРТАЙ ЖААЛ
Дуртай амттан: МӨХӨӨЛДӨС
Хоч: БАЙХГҮЙ
“Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх багадаа Сансрын туннелийн хажуугийн байранд амьдардаг байжээ. Тэр хавийн жаалууд өвөл болохоор модон чарга хийж гулгадаг. Зун нь модоор самкад буюу шарикан дугуйтай модон тоглоом хийж туннелийн дээгүүр гулгаж тоглодог байжээ. Харин шинэ жилийн баяраар том малгайтай Үл мэдэхийн дүр бүтээж, орос дуу дуулдаг байснаа огт мартдаггүй гэсэн. Одоо ч тэр дууны үг цээжинд нь бий гэнэ. Угийн сэргэлэн хүү урлагт ч, бизнест ч одтой явааг олон хүн мэдэх биз ээ
“БҮЛТҮҮШ” Э.АМАРЖАРГАЛ
Дуртай амттан: 20 ТӨГРӨГНИЙ ЧАВГА
Хоч: БҮЛТҮҮШ
“Тусгай салаа”, “Ялагдашгүй” олон ангит кинонд тоглож үзэгчдийн танил болсон Э.Амаржаргалыг 2009 онд “Miss Mongolia” уралдааны тусгай шагнал хүртэж, Бээжинд “Авьяаслаг мисс”-ээр тодорч байсан билээ. Мөн 2012 онд “Motors international” тэмцээнд оролцон аюулгүй жолоодлогын элчээр шалгарч байсан удаатай. Илэн далангүй, шулуухан зантай тэрбээр мэргэжлийн жүжигчин биш учраас “дүр бүтээлээ” гэж өөрийгөө дөвийлгэх дургүй. Увс аймагт төрж, долоон настайдаа хотод ирж, нэгдүгээр хорооллын “Ирээдүй” цогцолбор сургуулийг төгссөн энэ охины бүлтгэр алаг нүд анхны хочийг нь түүнд бэлэглэсэн гэнэ. “Бүлтүүш” хочтой мисс дунд сургуульд байхаасаа аэробикээр хичээллэжээ. Найзууд нь түүнийг Амраа гэж дууддаг. Багадаа дурлан иддэг байсан амттаны төлөөллөөр тэрбээр 20-ийн чавгыг нэрлэсэн. Бас багаасаа цуйванд дуртай байсан нь одоо ч хэвээрээ гэнэ. Харин жаахан байхдаа идэж байсан гөөхийний амт одоо тэр хэвээрээ байдаггүйд бага зэрэг гайхдаг гэсэн. Айлын ганц охин Амраа эмээ, өвөөгийн амин эрдэнэ. Тэднийхээ авч өгсөн том хүүхэлдэйгээр тоглох их дуртай байснаа дурссан. Үнэнч үерхэл нөхөрлөлийг эрхэмлэдэг Э.Амаржаргал дунд сургуулийн нэг ширээнд тохой залган суусан найзтайгаа одоо ч гэсэн дотно нөхөрлөдөг.