Монголын рок, поп урлагийн “Пентатоник” академиас санаачлан “Алдрын од” шагнал олгож байхаар болжээ. Монголын орчин үеийн урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олгох энэхүү шагналын анхны эзэн нь “Соёл эрдэнэ” хамтлаг аж. Жил бүр олгох тус шагналыг хүндэтгэлтэйгээр гардуулах ёслол, цэнгүүн энэ сарын 30-ны пүрэв гаригт Чингис хааны талбайд болох талаар зохион байгуулагчид нь өчигдөр мэдээлэл хийлээ.
Тус арга хэмжээний ерөнхий найруулагчаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү ажиллаж байгаа юм байна. “Шар айраг” хамтлагийн ахлагч тэрбээр нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэлийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. “Алдрын од” шагнал гардуулах арга хэмжээ Монгол Улсад анхны ардчилсан, чөл өөт сонгууль явуулсны 25 жилийн ойг орон даяар тэмдэглэж байгаатай давхцаж буйг тэд онцолсон. Тиймээс ч тэд “Уран бүтээлчид дуу, хөгжмөөрөө дамжуулан эрх чөлөөний үзлийг дэлгэрүүлж ирсэн” гэж байлаа. Нөгөө талаас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй гэнэ. Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, үдшийн цэнгүүнд рок, поп гэлтгүй Монголын урлагийн бүх салбарынхан оролцох аж. Энэ үеэр “Соёл эрдэнэ” хамтлагийн урын санд буй 300 гаруй бүтээлээс шилдгийн шилдэг, үзэгч сонсогчдын хамгийн хайртай 25 дууг сонгож, тэдгээрийг рок, попынхон өөрийн гэсэн хөгжим, найруулгатайгаар толилуулах юм байна.
Ерөнхий найруулагч Г.Ганхүү дээрх шагналыг Холливудын “Алдрын танхим”-тай зүйрлэсэн. Гэхдээ гудамжинд, хүмүүсийн хөл дор алдартныхаа нэрийг сийлдэг Холливудын жишгийг дуурайхгүй нь. Тэд Соёлын төв өргөөний хананд тусгай тавцан гаргаж “Алдрын од”- ын эздийг алдаршуулах гэнэ. Тусгайлан засах тавцан, шагналын загварыг соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг урлаж буй. Түүнийг Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөө, “Их Майдар” цогцолборын автор гэдгийг андахгүй биз ээ. Үүнээс гадна “Соёл эрдэнэ” хамтлагийн хамгийн анхны болон одоогийн бүрэлдэхүүнээс тус бүр дөрөв, нийт найман гишүүнийг “Алдрын од” медалиар тусгайлан шагнах аж. Өнгөрсөн хугацаанд нийт 40 орчим уран бүтээлч тус хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж байжээ.