Сэтгэл судлаачид хүний бодлыг өөрчилж, сэтгэлийг эргүүлж дөнгөнө гэдэгтэй маргаад хэрэггүй биз. Мэдээж, аливаа зүйл шат дараалалтай ахиж, дэвшдэгийн адил сэтгэл судлалын салбар ухаан ч ийм амжилтад хүртлээ сайн, муу олон зүйлийг давсан байгаа. Тэдгээрийн нэг нь хүний сэтгэлийн оньсыг тайлахын төлөөх “дайн” буюу шинжлэх ухааны нэрийг барьсан аймаар туршилтууд юм. Хоёр нохойны толгойг нэг биед залгах, хүүхдийг цахилгаанд цохиулж үнэнийг нь хэлүүлэх, хүнийг ганцаардуулж, буланд шахахаар яадаг вэ гэхчлэн санаанд багтамгүй муухай үйлийг чухамхүү сэтгэл судлаачид л хийсэн байдаг. Хачирхалтай гэмээр ийм туршилтуудаас хүргэе.
СЭТГЭЛ ДЭХ АРААТНЫГ СЭРЭЭХҮЙ
Хүн алж, хулгай дээрэм гэхчлэн муу үйл хийсэн хүмүүс өөдгүйдээ тэгээгүй. Хүн гэдэг амьтанд байгалиас заяасан араатан шинж бий. Тэрхүү харгис чанар нь дийлснээр сэтгэл дэх араатныг нь сэрээсэн хэрэг. Хүний төрөлхийн зөн бол араатан шинжтэй ч гэдэг. Энэ бол гашуун ч гэсэн гарцаагүй үнэний ортой гаргалгаа. Тэгэхээр хүн гэдэг тодотголтой бид бүгдээрээ аймшигтай, балмад, муу үйлийг хийх төрөлх чадвартай гэсэн үг.
Яг ийм араатан зөнг нь албадан сэрээж, хүнийг хүн биш болгох нэгэн туршилтыг 1971 онд Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Ф.Зимбардогоор ахлуулсан багийнхан хийсэн байдаг. Тэрбээр сургуулийн хонгилыг шорон шиг янзлаад, туршилтад хамрагдахыг зөвшөөрсөн 24 оюутныг ялтан ба харгалзагч болгожээ. Нийгмийн нөхцөл байдал хүний зан авирт хэрхэн нөлөөлж болохыг харуулах зорилготойгоор, хоёр долоо хоног үргэлжлүүлэхээр төл өвлөсөн гэх туршилт сүүлдээ утга, учраа алдаж, жинхэнэ аймшиг болон хувирсан аж. Өмнө нь ял эдэлж байгаагүй, бие болон сэтгэцээр эрүүл залуусыг сонгон хоригдол, харгалзагчийн дүрд хувирахыг даалгажээ.
Ингээд ялтнуудыг 24 цагийн турш шоронгийн өрөөнд харгалзагчийн хяналт дор байлгаж. Харин харгалзагч нарыг найман цагийн хугацаатайгаар сольж байсан гэнэ. Оюутнууд тухайн нөхцөлдөө маш хурдан дасаж, жинхэнэ ялтан, шоронгийн хуяг шиг аашилцгаасан гэдэг. Ялангуяа харгалзагчдын зан ааш цагийн зүүтэй зэрэгцэх шахуу хувирч, араатан шиг авирлан, ялтнуудаар зугаагаа гарган, элдэвлэж эхэлсэн байдаг. Нүцгэлж, толгойд нь уут углах зэргээр эхэлсэн даажигнал эцэстээ аймшигт доромжлол болон хувирав. Ёстой л араатан зөн нь сэрсэн хуягууд өөрийн дэглэмээ тогтоож, дийлдэхээ больж, туршилт хяналтаас гарч, ялтан болсон оюутнуудын заримынх нь амь, эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан тул туршилтыг хугацаанаас нь өмнө буюу зургаа хоногийн дараа албадан зогсоожээ.
ГУТАМШГИЙН ЭРЭЛД
АНУ-ын Айовагийн их сургуулийн доктор Вендел Жонсон 1939 онд Дэвенпорт хотын хүүхдийн асрах газраас хэл ярианы согогтой буюу ээрч, гацдаг, бага насны 22 хүүхэд сонгон авч, өөрийн туслах Мэри Тьюдороор удирдуулан, нэгэн туршилт хийсэн байна. Тэд жаалуудыг хоёр бүлэгт хуваагаад нэг хэсэгтэй нь хүн ёсоор харилцан, ээрч балмагдах үед ньтайвшруулж, дэмжиж байсан бол нөгөө хэсэг багачуудтай хүн биш мэт харилцаж байжээ. Хүүхдүүд өчүүхэн төдий алдаа гаргаж, үгээ буруу хэлэх, ярьж байгаад гацах үед Тьюдор “Гутамшиг” гэж орилж, хашгирч, шийтгэнэ.
Тийм нөхцөл байдалд өвчтэй багачууд айж, цочирдсоны улмаас илүү их ээрч, гацаж эхлэхээр “сургагч багш” өөдөөс нь даапаалан тэднийг дуурайж, адилхан ээрч “тоглоно”. Энэ бол “тоглоомын” үндсэн дүрэм юм. Туршилтаас өмнө бага зэрэг л ээрдэг байсан зарим хүүхэд араатан багшийнхаа “ачаар” сэтгэл зүйн сөрөг нөлөөлөлд орсноос болж илүү гацдаг, ярихаас айдаг болсон гэдэг. Тийм байдал нь насан туршид нь үргэлжилсэн тохиолдол ч бий аж. Харин нэг дэх хэсгийн хүүхдүүдийн зарим нь ээрэхээ больсон гэх. Зургаан сарын турш хүүхдүүдийг тамласан тэд сэтгэл зүйн дарамт хүүхдийн хэл ярианд хэрхэн нөлөөлж, саатал учруулж болдгийг батлахыг хүссэн гэнэ. Эл явдлын талаар тухайн үед нэлээд нууцалж, сүүлдээ мартагдахад хүрсэн байна.
Гэхдээ 1939 онд харгис туршилтын золиос болсон нэгэн хүү хожим 2001 онд Калифорнийн нэгэн сонинд Айовагийн их сургуулийн туршилтын талаар дурсамжаа нийтлүүлснээр нийгмийг нэлээд шуугиулснаас болж тус сургуулийн захиргаа албан ёсоор уучлалт хүссэн аж. Ингээд зогссонгүй, тэрхүү харгис туршилтын золиос болсон зургаан хүн 2003 онд шүүхэд хандан, хохирлоо барагдуулахыг шаардсан байдаг. Айова мужийн шүүхийн шийдвэрээр тэдний тавд нь тус бүрт 900.000, нэгд нь 25.000 ам.долларын нөхөн олговор өгсөн байна.
АМЬДААР НЬ ЗУМЛАХ ТӨСӨЛ Америкчууд Маршаллын арлын нэг хэсэг Бикини шүрэн арлын оршин суугчдын дунд “Төсөл 4.1” нэртэй туршилтыг 1954 оны гуравдугаар сарын 1-нд хийсэн байдаг. Эрүүл мэндийн гэсэн тун догь тодотголтой уг төсөл эсрэгээрээ хүнийг амьдаар нь “шарж болгох” зэрлэг туршилт байлаа. Арал дээр атомын бөмбөг дэлбэлж, цацраг идэвхт туяатай орчинд арлын иргэдийг амьдруулж, бие махбодид нь ямар өөрчлөлт гарахыг ажиглаж байсан гэхээр аймаар шүү. Туршилтын эхний хэдэн жилийн хугацаанд эмэгтэйчүүд олноор үр зулбаж, төрсөн нэгнийх нь хүүхэд дандаа амьгүй байжээ.
Азаар хүн болсон багачуудын өсөлт зогсох нь хэвийн үзэгдэл болжээ. Ингээд зогсохгүй арлынхан толгой дараалан бамбай булчирхайн хорт хавдраар өвчилжээ. Таван жилийн дараа гэхэд тус газарт цацраг идэвхт бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй тав дахин их байсан хэмээдэг. Туршилтын золиос болсон арлынхны олонх 1974 он гэхэд хорвоогоос арчигдсан байжээ. Энэ нь хүн бол араатан мөн гэдгийг батлах аймшигт түүх юм.
“ЭРХ МЭДЭЛД” ИДҮҮЛСЭН НЬ
Эрх мэдэлд хүрч, бусдыг эрхшээлдээ байлгахын төлөө хүн ямар авир гаргадгийг харуулах зорилготой нэгэн туршилтыг мөн л Америкийн нэгэн сургуулийн судлаачид 2003 онд хийжээ. Оюутнуудыг гурав гурваар нь нэг баг болгон, хамтад нь нэг даалгавар гүйцэтгүүлжээ. Тэдний хоёр нь ямар нэгэн зүйл бичиж, нөгөөх нь тэдний хөдөлмөрийг үнэлэн, шан харамж өгөх ёстой.
Даалгавраа хийсэн оюутнуудад таван жигнэмгийг тэнцүү тараах ёстой “дарга” үлдсэн нэгийг нь дураараа идэж байжээ. Тэгээд зогсохгүй өлсгөлөн байгаа нөгөө хэддээ давуу эрхтэйгээ мэдрүүлэх гэж элдэв ааш гаргаж, ихэрхэж байсан гэнэ. Энэ бол хүн эрх мэдэлд мэрүүлдгийг харуулах хамгийн чухал хэсэг аж.
Үүнтэй нэлээд төстэй нэгэн туршилтыг нацист эмч Жозеф Менгеле хийсэн гэдэг. Тэрбээр бөөнөөр хорих газарт өөрийн дэглэмийг тогтоож, хүний үхэх, сэхэхийг шийддэг байсан онц хэрцгий этгээд байжээ. Ингэхдээ хэнийг шатаах зуух руу явуулах вэ, та нараас хэнийг нь өнөөдөр туршилтад оруулах вэ гэхчлэн хүмүүсийн хандлагыг, өөртэй нь хэрхэн харилцахыг харж, тавладаг байсан аж.