Найруулагч Д.Ууганбаярын шинэ уран бүтээл “Тайга” уран сайхны киноны нээлт наймдугаар сарын 5-нд “Тэнгис” кино театрт болно. Наймдугаар сарын эхэнд үзэгчдийн хүртээл болох гэж буй энэ бүтээл 2015 оны кинонуудын салхийг хагалах юм. Есдүгээр сард “Тэнгис” кино театрт нээлтээ хийх есөн ч кино бүртгүүлээд байгаа юм билээ. Харин зарим уран бүтээлчийн ярьж буйгаар энэ зун 20 гаруй кино баг ажиллаж байгаа учраас намар киноны бөөн болно ч гэсэн таамаг байна.
“Тайга” киноны зохиолыг Б.Цэвээндулам, Д.Ууганбаяр нар бичиж, гол дүрд нь Н.Ялалт, Н.Төмөрбат, Р.Баттогтох, Б.Дамдинсүрэн, Л.Баярсайхан, А.Цэгмид на тогложээ. “35 Films” продакшныхны “урласан” эл кинонд хүн сайн муу ямар ч үйл хийсэн түүнийхээ хариуг зохих ёсоор хүртдэг тухай өгүүлнэ. Хийсэн үйлдлийнхээ төлөөсөнд амиа алдаж, оюун ухаанаа тайгад гээсэн булш ухагчдын түүхийг эндээс үзэж болно.
Тонуулчин Өлзий эртний алтан хутганы хойноос явсаар тайгад ирж булшийг нь олж ухсан боловч алтан хутга байсангүй. Түүний хайсан зүйл тайгын өвгөнд байж таарснаас тэдний дунд далд тэмцэл өрнөх аж. Өлзийд нутгийн удган тусалж энд хүргэсэн боловч тусламж нь хэмжээ хязгаартай байжээ. Хязгааргүй шунал, тайгын нууцлаг амьдралын тухай өгүүлэх энэ киноны төгсгөлд Өлзий өршөөх хүртэх хэсгийг үзэгч та өөрөө тольдоорой.