Богино хэмжээний кино сонирхогчдын тоо улам нэмэгдэж, “48” цаг кино наадам жил ирэх тусам илүү өрсөлдөөнтэй болж байна. Цар хүрээ өргөжих тусам өрсөлдөөн нэмэгдэж, чанартай уран бүтээл бий болох нь дамжиггүй. Тиймээс “Улаанбаатар” кино академийнхан БНСУ-ын багш, оюутнуудыг эх орондоо урьж дөрөв хоногийн турш богино хэмжээний кино сургалт зохион байгууллаа. Кино зохиол бичиж, зураг авалтын талбай сонгож, жүжигчдээ шалгаруулахаас эхлээд хэрхэн гэрэл тавьж, камертай ажиллах тухай бүх мэдээллийг энэ сургалтад багтаасан аж. Мөн дүрс, дууны эвлүүлэг, киноны нээлт, шагнал гардуулах ёслолын тухай ч оруулахаа мартаагүй байна.
Харилцан туршлага солилцож, мэдээллээ хуваалцсан эл сургалт өнгөрсөн долоо хоногийн ням гаригт өндөрлөжээ.